• Газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал

    Хөвсгөл аймаг 1931 онд үүсэн байгуулагдсан 100629 ам дөрвөлжин километр газар нутагтай. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай. Хөвсгөл аймаг 1992 оны үндсэн хуулийн хүрээнд 24 сум, цаашилбал 126 багтай.
    Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Саяны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3491 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 1650-2050 метр өргөгдсөн.
    Хөвсгөл аймаг нь манай орны ойн сангийн зонхилох хувийг эзэлдэг бөгөөд ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм. Хөвсгөл аймгийг Монголын Швейцарь хэмээн нэрлэдэг. ДНБ-ий хэмжээгээрээ хангайн бүсийн 6 аймгаас 2-рт, улсын хэмжээнд 4-рт ордог, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжиж эхэлж байгаа томоохон аймгийн нэг юм. Аж үйлдвэрийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал нэлээд эрчимтэй хөгжиж байна. Аймгийн нийт хүн амын тал орчим хувь нь мал аж ахуй эрхлэгчид байдаг.
    Хөвсгөл аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд хүн амынхаа тоо хэмжээгээр харилцан адилгүй 24 сумаас бүрддэг. Хөвсгөл аймаг 2020 оны байдлаар нийт 135095 хүн ам тоологдож, үүнээс байнга оршин суудаг 134318 хүн байна. Аймгийн хэмжээнд 37 914 өрх тооллогт хамрагдлаа.
    2021 онд аймгийн дүнгээр 23 сум 1 тосгоны 128 багт 18113 малчин өрхөд 5500,5 мянган толгой малтай үүнээс тэмээ 2,3 мянган толгой, адуу 271,5 мянган толгой, үхэр 501,1 мянган толгой, хонь 2622,8 мянган толгой, ямаа 2102,8 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 9433,9 мянган толгой малтай байна. Нийт малд тэмээ 0,04 хувийг, адуу 4,9 хувийг, үхэр 9,1 хувийг, хонь 47,7 хувийг, 38,2 хувийг тус тус эзлэж байна.

    • Газрын гадарга

    Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Саяны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3491 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1650-2050 метр өргөгдсөн.
    Хөвсгөл аймаг газрын нэгдмэл сангийн ангиллаар нийт газар нутгийн хэмжээ 10062882га, үүнээс Хөдөө аж ахуйн зориулалттай газар 3749056,8 га буюу Хөвсгөл аймгийн газрын нэгдмэл сангийн ангиллын 37,2 хувийг эзэлж байгаагаас байгалийн бэлчээр 3649948,5 га буюу 97.3 хувийг, хадлан 48218 га буюу 1,2 хувийг, газар тариалангийн эргэлтийн талбай 33266,68 га буюу 0.8 хувийг тус тус эзэлдэг.
    Байгаль газар зүйн хувьд өндөр уул, уулын тайга, ойт хээр, нугын хээр, хуурай хээр болон хээрийн бүс бүслүүрт ямар нэгэн хэмжээгээр хамрагдаж байна.

    • Уур амьсгалын нөхцөл, мужлал

    Уур амьсгалын мэдээлэлд агаарын температур, хур тунадас, чийгшил, салхины хурд зэрэг цаг уурын үзүүлэлтүүдийг оруулдаг. Тухайн газар орны уур амьсгалд газрын гадаргуугийн өндөршил, газарзүйн өргөрөг, түүнд ойрхон байгаа ус бүхий гадарга, ургамлан бүрхэвч, салхины зүг чиг чухал нөлөө үзүүлдэг.

    • Агаарын харьцангуй чийгшил

    Оронзайн тархацын 36 хувьд Хангайн нуруу, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 300-400 мм, Монгол Алтайн болон ойт хээрийн бүсэд 250-300 мм, хээрийн бүсэд 150-250 мм, говь цөлийн бүсэд 150-50 мм орчим хур тунадас унана.
    Энэ нь газарзүйн өндөршилтөй шууд холбоотой байдаг. Жишээлбэл, 7 сард хойд өргөргийн 42 градусын бүслүүр дээр 31 мм, өргөргийн 46 градусын бүслүүр дээр 52 мм, өргөргийн 50 градусын бүслүүр дээр 96 мм хур тунадас тус ордог байна.
    Энэ зүй тогтол жилийн хамгийн хүйтэн 1-р сард мөн жилийн нийлбэр үед ч гэсэн хадгалагдаж байна. Хур тунадасны 80-85% орчим нь жилийн дулаан улиралд /VI-IX сард/ үүнээс зөвхөн 7, 8 дугаар сард 60-70% нь орно.
    Намрын анхны цас 9 сарын 2-3 дугаар арав хоногт орж, сүүлийн цас 4 сарын 3 дугаар арав хоногийн дунд үеэр орж хайлдаг буюу жилийн 150-160 хоногт цасан бүрхүүлтэй байдаг. Цасан бүрхүүлийн зузаан 10-15 см хүрнэ. Нэгэнт 10 сарын 2-3 дугаар арав хоногт цас орж эхлэн 4 сарын 3 дугаар арав хоногийн дунд үеэр сүүлийн цас ордог болохоор 20 хүрэхгүй хувийн тунадас өвөл цас хэлбэрээр унана.
    Мөн сумдаас Цагаан-Уул, Ренчинлхүмбэ, Хатгал, Тариалан сумуудад унах хур тунадасны хэмжээгээр илүү чийглэг буюу жилд 240 мм-ээс их, харин Бүрэнтогтох суманд хамгийн бага буюу жилд 170 орчим мм хур тунадас унадаг, илүү гандуу байдаг байна.

    • Салхины горим

    Салхины горим нь агаар мандлын орчил урсгал, агаарын даралт, тухайн нутгийн физик газарзүйн нөхцлөөс ихээхэн шалтгаалдаг. Монгол орны тал хээр, говь, цөлийн бүс нь салхи ихтэй байдаг. Жилийн дундаж салхины хурд энэ бүс нутагт 4-6 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгийн уулс хоорондын хөндийд 1-2 м/с, бусад нутгаар 2-3м/с орчим байдаг. Ихэнхидээ баруун, баруун хойд, хойд зүгийн салхи зонхилох боловч газрын хотгор гүдгэрийн нөлөөгөөр орон нутгийн ялангуяа уулхөндийн салхи элбэг тохиолдоно.
    Салхины горим нь агаар мандлын орчил урсгал, агаарын даралт, тухайн нутгийн физик газарзүйн нөхцлөөс ихээхэн шалтгаалдаг. Монгол орны тал хээр, говь, цөлийн бүс нь салхи ихтэй байдаг. Жилийн дундаж салхины хурд энэ бүс нутагт 4-6 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгийн уулс хоорондын хөндийд 1-2 м/с, бусад нутгаар 2-3м/с орчим байдаг. Ихэнхидээ баруун, баруун хойд, хойд зүгийн салхи зонхилох боловч газрын хотгор гүдгэрийн нөлөөгөөр орон нутгийн ялангуяа уулхөндийн салхи элбэг тохиолдоно.

    • Салхины чиглэл

    Салхины чиглэл нь тухайн газар орны хотгор гүдгэрийн онцлогоор голчлон тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл уулархаг орон нутагт жилийн хүйтэн улиралд хүйтэн агаар өндөрлөг газраасаа нам газар луугаа чиглэн урсах хүндийн хүчний салхи зонхилох ба жилийн дулаан улиралд шатлуур багатай нам даралтын оронд салхины чиглэл тогтворгүй болох хандлага ажиглагдана.
    Хөвсгөл аймгийн нутагт газрын хотгор гүдгэрийн онцлогоос шалтгаалан баруун зүгийн салхи зонхилон ажиглагддаг байна. Салхины чиглэлийн тухайд барууны салхины давтагдал жилийн турш бусад чиглэлийн давтагдлаас давуу байдаг онцлогтой. Баруун болон зүүн зүгийн салхины давтагдал өвөл хамгийн их 40 гаруй хувь хавар, намар адилхан 22-28 орчим хувь, харин зун хамгийн бага буюу 15 орчим хувь байна.

    • Агаарын температур

    Агаарын хоногийн дундаж температур 10 сарын 15-аас 00 градусаас доош орж хүйтрэх ба 4 сарын 10-аас дулаарч эхлэдэг буюу 200- 220 хоног нь хүйтэн байдаг. Жилийн дундаж агаарын температур нилээд ялгаатай 1.40С–аас -7.90С градусын хооронд хэлбэлздэг. Тухайлбал Хөвсгөл нуураас хойд талын сумдад илүү хүйтэн буюу Ренчинлхүмбэ суманд хамгийн хүйтэн байна. Жилийн дундаж температурын хувьд Мөрөн хот, Бүрэнтогтох суманд эерэг утгатай буюу хамгийн дулаан нь Бүрэнтогтох суманд 1.40С, бусад сумуудад сөрөг утгатай ба хамгийн хүйтэн нь Ренчинлхүмбэ суманд -7.90С байсан бол Мөрөн хотод -0.20С байсан байна.
    Агаарын температурын жилийн явцыг харахад 1 дүгээр сард хамгийн хүйтэн, 7 дугаар сард хамгийн дулаан байдаг Монгол орны уур амьсгалын ерөнхий зүй тогтол давтагдаж байдаг.

    • Хөрс, хөрсөн бүрхэвч

    Өндөр уулын бүслүүр нь Хөвсгөлийн уулсад нийт нутгийн 0.8 хувийг эзлэх ба эдгээр нь нийлээд бүгд 3.6 хувь буюу 56394.0 км2 талбайг хамарна. Нөгөө талаар өндөр уулын бүслүүрт Хангайн нуруунд уулын нуга, Хөвсгөлийн уулсад уулын тундр, дотоод бүтэц нь нарийн нийлмэл болж ирнэ. Өндөр уулын бүслүүрт байнгын хүйтэн, сэрүүн, салхитай учир хүйтэнд тэсвэртэй харьцангуй цөөн зүйлийн амьтан, ургамалтай. Энд аргаль хонь (Ovis ammon), янгир ямаа (Capra sibirica), ирвэс мий (Uncia uncia), цэвдгийн цагаан ятуу (Lagopus mutus), алтайн хойлог (Tetraogallus altaicus) зэрэг ховор амьтан, одой нарс (Pinus pumila), монгол шивэлз (Ptilagrostis mongolica), өлчир дэгд (Gentiana algida) зэрэг ховор ургамлууд тааралдана.
    Уулт тайгын бүслүүрт Өвөр Байгалийн уулт тайгын их мужид хамрагдах Хэнтий, Хөвсгөлийн уулс багтах бөгөөд Хөвсгөлийн зүүн хэсэг болох Зэд-Бүтээлийн нуруу үнэмлэхүй өндрийн хувьд харьцангуй намсаж өргөрөг бүсийн шинжийг илүүтэй хадгална. Өөрөөр хэлбэл манай улсын хилийн гадна орших тайгын бүсийн өмнөд сэжүүр ЗэдБүтээлийн нуруугаар дамжин орж ирдэг байна. Уулын тайгын бүслүүр нь нийт нутгийн 4.5 хувийг эзлэх ба түүний 3 хувь нь Хөвсгөл орчимд, 1.5 хувь нь Хэнтийн нуруунд ноогдоно.
    Уулын тайгын бүслүүр нь уур амьсгалын хувьд чийглэг хүйтэн, жилд унах хур тунадасны хэмжээ 400-500 мм буюу түүнээс ч ахиу боловч дулааны хангамж дутагдалтайгаас ургамлын ургах хугацаа харьцангуй богино байдаг. Энэ бүслүүрт сибирь хуш (Pinus sibirica), сибирь шинэсэн (Larix sibirica) ой зонхилно. Энд хүрэн хүдэр (Moschus moschiferus), шивэр хандгай (Alces alces), шилүүс мий (Lynx lynx), голын халиу (Lutra lutra) зэрэг монгол улсын улаан номонд орсон амьтад идээшлэнэ.

    • Хөрсний хэв шинж

      • Уулын тайгын цэвдэгт- ухаа шороон хөрс:
        Уулын тайгын бүсийн дээд ба дунд хэсгээр 1500-1600 метрээс 2200-2400 метр хүртэлх өндөрт дан хушин, хушин шинэсэн болон шинэсэн ойд тархана. Энэ хөрс газрын гадаргад олон жилийн цэвдэг ойрхон орших нөхцөлд тогтворжих бөгөөд цэвдгийн улирлын гэсэлтийн гүн 1-1,2 метрээс хэтрэхгүй. Энэ хөрс нь чийгээр байнга хангалуун байдаг хэдий ч сайр чулуурхаг, нунтаг шороон үе нь нимгэвтэр учраас ус барьж тогтоох чадвар сайн биш байна. Хөрсний гадарга дээр ногоон хөвд битүү ургахаас гадна алирс, сургар, тэрэлж, нэрс, унаган туруу, ямаан арц, улалж тэргүүтэн ургана. Уулын тайгын цэвдэгт хөрс ерөнхийдөө нимгэн, хөрсний нийт зузаан 60-80см-ээс хэтрэх нь цөөн.

      • Уулын тайгын ширэгт төмрийн исэлтэй хөрс: Уулт-тайгын бүсэд уулын ар хажуугийн дунд ба доод хэсгээр, мөн өвөр хажууд нь, уулт – ойт хээрийн бүсэд уулын ар хажуугаар1300-1400 метрээс 1900-2000 метр хүртэлх үнэмлэхүй өндөрт дан шинэсэн, нар шинэсэн, заримдаа хус холилдож ургасан өвслөг бүрхэвч бүхий дэд тайгын ойд голчлон тархсан хөрс юм. Алирс, тав илгана, нохойн хошуу зэрэг сөөгөнцөр, ойн улалж, цахилдаг гүзээлзгэнэ, унаган туруу, яргуй, гиш, буржгар, шимтэглээ мэтийн алаг өвс, зарим зүйлийн үетэн бүхий өвслөг ургамлын бүрхэвч сайн хөгжиж, бүтэц нь 50-80% хүрнэ. Олон жилийн цэвдэг үргэлжилсэн тархалттай боловч улирлын гэсэлтийн гүн их (1,5-2 метр ) учраас цэвдэгт үзэгдэл хүчтэй илрэх нь ховор. Хөрсний чийгийн үндсэн эх үүсвэр нь агаарын хур тунадас (жилийн дундаж нь 300-350 мм). Хур бороо ихтэй чийгшил ихтэй жил хөрсний үе давхаргууд цэвдэгт тултлаа нэвт норж, заримдаа цэвдэгийн дээр хэт чийгшил нөхцөл түр хугацаагаар үргэлжилдэг. Хур багатай гандуувтар жил 40-60см-ийн гүн хүртэл чийглэгдээд түүнээс доош зун намрын турш хуурай байх тохиолдол элбэг байна.

      • Уулын ойн ширэгт бараан хөрс: Энэ хэв шинжийн хөрс ойн бүсийн доод захаар хээрийн хар шороон, хүрэн шороон, нугын ялзмагт далд глейрхэг хөрсүүдтэй хилллэж орших тул экологийн хувьд өргөн хэлбэлзэлтэй, гарал үүслийн хувьд өөр өөр чиглэлтэй байна. Дунджаар өндөр уулын ар хажуугаар 850-900 метрээс, 1600-1700 метрийн үнэмлэхүй өндөрт, 1800-2000 метрийн өндөрт өвслөг ургамлын бүрхэвч сайн хөгжсөн ойн болон нугат ойн, нугат хээрт элбэг тохиолдоно. Олон жилийн цэвдэг байхгүй тохиолдолд улирлын хөлдөлт нилээн зузаан үеийг (2- 2,5 м хүртэлх ) хамарч, хөлдөлт гэсэлт удаан хугацаагаар үргэлжилдэг. Хөрсний чийгийн гол эх үүсвэр нь болох хур борооны ус хөрсөнд гол төлөв 50 -60 см гүн, хур ихтэй зарим жил 100 см хүртэл гүн нэвчиж чийглэнэ. Үүнээс гадна улирлын ба олон жилийн цэвдгийн гэсэлт гадаргын урсацын нөлөөгөөр хөрсөнд нэмэгдэл чийг хуримтлагдах, хөрсний гүнд түр хугацаагаар хэт чийглэг нөхцөл бүрдэх явдал заримдаа тохиолдоно.

      • Уулын карбонатгүй хар шороон хөрс: Энэ хөрсний гарал үүсэл нь уулын хажууд ажиглагдах хөрсөн дотуурх урсацтай цуг хөрсний уусмал газрын уруу шилжиж зөөгдөхдөө хөрсөн доторх карбонатын давсыг уусган авч хажуугийн угаагдал үүссэний улмаас бий болсон хөрс юм. Уулын нугын хөрс: Уулын нугын хөрс өндөр уулын тагын бүсэд нугын өтгөн шигүү ургамшил дор тогтворждог. Уулын нугат хээрийн хөрс чийглэгдүү, хүйтэн нөхцөлд алаг өвс-жижиг үетэнт, заримдаа бушилз-ботуульт ургамшил доор тогтворжих бөгөөд ургамал нь их намхан, тачир ургасан байдгаараа онцлогтой.

    • Хадлан бэлчээр, өвс тэжээл

    Аймгийн нийт бэлчээр өндөр уул, дундаж өндөр болон нам уулсын, уулын хээрийн, хээрийн, нугын гэсэн 6 бүлэг төрөлд багтана.
    Бэлчээрийн талбайн 57.2 хувийг уулын, 18.8 хувийг уулын хээрийн, 13.9 хувийг хээрийн, бэлчээр эзлэх бөгөөд харьцангуй тогтвортой ургацтай бүс дундын буюу нугын бэлчээр 8.0 хувиас хэтэрдэггүй.
    Хөвсгөл аймаг 48.2 мянган га хадлангийн газартай.

    • Тариалангийн газрын ашиглалт

    Манай аймаг нь нийт 32000 га эргэлтийн талбайтай 2021 онд нийт 18723 га талбайд үр тариа тариалсан байна. Үүнээс 18400 га талбайд улаанбуудай, 321 га талбайд арвай, 113 га талбайд овьёос, 23 га талбайд вандуй тус тус тарьсан. Мөн 295,5 га талбайд төмс, 204,8 га талбайд хүнсний ногоо, 1354 га талбайд малын тэжээл, 300 га талбайд тосны ургамал тариалсан байна. Энэ жилийн хувьд бутлалтын үедээ чийг тааруу, хүйтэн байсан учир ургац хураалт жаахан оройтож магадгүй төлөвтэй. 27416 тн улаан буудай, 3190 тн төмс, 2498 тн хүнсний ногоо хураан авна гэж төлөвлөж байна.
    Хүн хүчний хувьд улаанбуудайг 61 аж ахуйн нэгж 43 иргэн, төмсийг 14 аж ахуйн нэгж 597 иргэн, хүнсний ногоог 11 аж ахуйн нэгж 406 иргэн, хүлэмжинд нарийн ногоо 8 аж ахуйн нэгж 169 иргэн малын тэжээлийг 53 аж ауйн нэгж 260 иргэн тариалсан байна.
    Аймгийн нийт хүн амын гурилын хэрэгцээг бүрэн, төмсний хэрэгцээний 63,0%, хүнсний ногооны хэрэгцээний 21,8%-ийг тус тус дотоодын ургацаар хангаж байна.