Говьсүмбэр аймаг

  • Газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал

Говьсүмбэр аймаг нь Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог. 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй Төв, Хэнтий, Дорноговь, Дундговь аймгийн сумтай хил залган байрладаг юм. Монгол улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 дугаар сард байгуулагдсан. Манай аймгийн хувьд эрчим хүч, төмөр зам, авто зам сайтай, Улаанбаатар хот –Налайх-Чойрыг холбосон хатуу хучилттай авто зам 2005 оны 2-р улиралд ашиглалтанд орсон. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 3 сум, 10 багтай, 2020 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн ам 17928 буюу 1.9 хувиар өссөн.

Байршил:
Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт хойд өргөргийн 46057’- 47002’, зүүн уртрагийн 1070 57’- 1090 04’-т байрладаг. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог. Хойд талаараа Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян сумдтай, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумдтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг.Талбай: 5,5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй.2020 оны эцсээр 450997 толгой мал тоологдсон.

Говьсүмбэр аймаг нь 5541.0 мянган га нутаг дэвсгэртэй, Нийт газар нутгийн 86.7 хувь буюу 481152.78 га газрыг Хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйн газраас 465748.22га газрыг бэлчээрийн газар эзэлж байна.

  • Хөрсөн бүрхэвчийн судлагдсан байдал

1926 онд Оросын эрдэмтэн Б.Б.Полынов, В.И.Ликовский нар / Өргөө- Чойр- Сайн ус- Бага үд / Улаанбаатар- Чойр- Сайншанд- Замын Үүд/ гэсэн маршрутаар анхны хөрсний судалгаа хийхдээ Чойрын ойролцоо Зараа булаг гэдэг газар буудаллаж тэнд хөрсний зүсэлт хийжээ /зүсэлт-425/. Зүсэлтийн координат нь 46036׀, 1080 25׀, 1300 м өндөртэй талын элсэн саарал хөрс тархсан байна гэж тодорхойлжээ. Энэ нь одоогийн хөрсний ангилалзүйгээр тал хөндийн элсэнцэр механик бүрэлдэхүүнтэй хүрэн хөрс тархсаныг тэмдэглэжээ. Энд хөрсний өнгөн хэсэгт 0.5-1.0см зузаантай хайрга, элсэн давхарга тархсаныг анх онцлон тэмдэглэж энэ нь хөрсийг угаагдал, хийсэлт, хэт халалтаас хамгаалдаг болохыг анх удаа онцлон тэмдэглэсэн байна. Оросын эрдэмтэн И.П.Герасимов, Е.М.Лавренко нарын Геоморфологийн мужлалтаар бидний судалгаа хийсэн Чойр орчмын нутаг нь Дорнод монголын бэсрэг уулст нутагт хамаарагдаж байна. Энд бэсрэг уулын ихэнх хэсгийг ухаа, гүвээ, толгод , хотос, хөндий , талархаг газар эзлэдэг онцлогтой. 1950 онд А.А.Юнатов Монгол орны бүс бүслүүрийн ангилалаар Хүрэн хөрстэй дундад халхын хээрийн тойрогт. 1954 онд ургамал газарзүйн мужлалтыг ургамлын аймгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж гаргахдаа Дундад халхийн хээрийн тойрогт тус тус хамааруулан ангилсан байна. Монгол орны хөрс газарзүйн мужлалтаар хүрэн хөрстэй Хэрлэнгийн тойрог, хүрэн хөрстэй Халхын дундад талын тойргийн заагт хамаарагдаж байна.
Эрдэмтэн Д.Дашийн Байгалийн бүс бүслүүрийн ангилалаар хээрийн бүсийн хуурай хээрийн дэд бүсэд хамрагдаж байна. Хээрийн бүсэд нийт нутгийн 34.2% хамрагдах бөгөөд түүний 14%-ийг хуурай хээрийн дэд бүс эзэлж байна.
Оросын эрдэмтэн Е.А.Востокова, П.Д.Гунин нарын боловсруулсан Монгол орны ландшафт-экологийн мужлалтаар Төв Азийн их мужийн хангайн мужийн Мандалговийн тойрогт хамрагдах нам ухаа толгод, хотос газрууд, тэгшивтэр талыг хамарсан бүс нутагт хамрагдаж байна.

Ургамалжилт: Говьсүмбэр аймгийн бэлчээрт 20 гаруй ургамлын овог тархсан байна.Тэдгээрээс үетэн, нийлмэл цэцэгтэн, тэргүүлэгч цэцэгтэн, луультан зэрэг овог элбэг тохиолддог бол улалжийн овог цөөн тохиолдож байна.Сүүлийн жилүүдэд хуурай хээр, цөлөрхөг хээрийн бэлчээрийн ургамалжилт, ургацын талаар мэдээлэл ховор байгаа учир бид дээрхи зааг бүсэд орших Говьсүмбэр аймгийг сонгон авч, бэлчээрийг хойноос урагш, баруунаас зүүн зүгт маршрут судалгааг 2003 оны 8,9-р сард явуулж, геоботаникий дэлгэрэнгүй бичиглэлийг 120 гаруй цэгт хийж, бэлчээрийн төлөв байдал, ургацын өөрчлөлт, зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойллоо. Судалгаа явуулсан Говьсүмэр аймгийн Баянтал, Сүмбэр, Шивээговь сумдын бэлчээр нь ургамал-газарзүйн мужлалаар авч үзвэл, Евразийн хээрийн мужийн, Дундад халхын хээр, Дорноговийн хээрийн тойрогт тус тус хамаарна.
Бэсрэг ба нам уулын энгэр хормойгоор (Баянтал, Сүмбэр, Шивээ говь сум) жижиг үетэн- алаг өвс-сөөгт, хялгана-үетэнт, ботууль-агь-алаг өвст төрөл, үетэн ургамлаас: саман ерхөг, ботууль, биелэг өвс, хиаг, согоовор, алаг өвснөөс: уул өвс, хунчир, хатан цэцэг, хурдан цагаан, далантүрүү, цөс өвс, ганга өвс зэрэг ургамлууд голлон ургажээ.
Газрын гадаргуу дахь ургамлынтусгаг бүрхэц 45-50%, ургамлын дундаж өндөр 12-15см, малд идэгдэх ургац 3.1-3.5цн, зүйлийн бүрэлдэхүүн 100м2 талбайд 18-20ш ургамал байна.
Тал хөндий хээрээр (Баянтал, Сүмбэр, Шивээ говь сум) хялгана-үетэнт, хялгана-хазаар өвст, хялгана-агь-алаг өвст, үетэн-сөөгт, хиаг-үетэн-алаг өвст төрөл зонхилно. Энд үет ургамлаас: Крыловийн хялгана, саман ерхөг, хиаг, дааган сүүл, хазаар өвс, алаг өвснөөс: хонин нүд, имгичгэнэ, агь, багдай, ширэг улалж, банздоо зэрэг ургамал голлон ургажээ.

Газрын гадаргуу дахь ургамлын тусгаг бүрхэц 35-40%, ургамлын дундаж өндөр 9-12см, малд идэгдэх жилийн дунд(сөөг 50-70 см), малд идэгдэх жилийн дундаж ургац 1.3-1.9 цн байна.
Голын хөндий нам хотсоор (Сүмбэр, Шивээ говь сум) жижиг улалж-алаг өвс, дэрс-бударганат, улалж-дэрст, дэрс-улалжит төрөл голлон тархсан байна. Энд үетнээс: биелэг өвс, үнэгэн сүүл, улаан толгойт, хиаг, дэрс, зэрлэг арвай, алаг өвснөөс: галуун гичгэнэ, таван салаа, ширэг улалж, марцны шил өвс, багваахай цэцэг, сөд өвс, хамхаг, үхэр тарна, холтсон цэцэг, цахилдаг, шар бударгана, улаан бударгана зэрэг ургамал зонхилон ургажээ. Газрын гадаргуу дахь ургамлын бүрхэц 30-45%, ургамлын дундаж өндөр 15-20 см, малд идэгдэх жилийн дундаж ургац 3.0-4.5 цн байна.

  • Бэлчээрийн доройтол

Хүн болон мал, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээр ихээхэн доройтож, ургац буурч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн ихээхэн өөрчлөгдөж байна. Судалгаа явуулсан сумдын нийт талхлагдсан бэлчээрийн 81.8% буюу 205559 га нь дунд зэрэг, 18.2% буюу 45830 га нь хүчтэй талхлагдалд орсон байна.

Цаг уур:
Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +370, өвөл -370 градус байдаг. Говьсүмбэр аймаг нь нүүрс, тоосгоны шавар, эрдэс будаг, хайлуур жонш, шохойн болон бал чулууны байгалийн баялаг нөөцтэй өгөөмөр баян нутаг юм.

  • Хадлан бэлчээр, өвс тэжээл

Байгаль-уур амьсгалын эрс тэс ширүүн, гандуу хуурай нөхцөлд тэжээл үйлдвэрлэл нь нэгдүгээрт-цөлжилт, ган-зудын эрсдлийг бууруулах, хоёрдугаарт-бэлчээрийн мал аж ахуйн таваарлаг чадавхыг дээшлүүлэх, гуравдугаарт-эрчимжсэн мал аж ахуйг (өндөр ашиг шимтэй сүүний үхэр сүрэг, түргэн өсөлттэй гахай, шувууны аж ахуй) хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудал юм.
Манай байгалийн хадлангийн ургац бага, тэжээллэг чанар ядмагхан болно. Хуурайшилт ихтэй хадлангийн хадлан хадах боломжгүй