Танилуцуулга:
Тус аймаг нь уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай. Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг.
Говь-Алтайн нутаг дахь уулсууд дөрөвдөгч галавын Альпын атраатлын бүр сүүлээр тогтсон хийгээд тектоник хөдөлгөөний хүч их байсан учраас өндөр болон сүндэрлэжээ. Тийм ч учраас аймгийн нутгийн Хасагт хайрхан зэрэг өндөр уулст одоогоор 600 сая жилийн өмнөх үеийн мөстлөгийн ор мөр бүхий бул чулуунууд илэрсэн нь дэлхийн геологийн шинжлэх ухаанд шинэ нээлт болжээ. Эдгээр уулсын ар өвөр өргөн уудам говь тал, хотгор, хонхорууд оршдог. Тус аймгийн гадаргын хотгор гүдгэрт талархаг хэлбэр голлох бөгөөд өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн уул тогтох хөдөлгөөнд нөлөөлөгдөөгүй дунд төрмөлийн эриний талархаг гадарга хэвээр хадгалагдан үлдсэн аж. Шинэ усны болон Халиун, Бигэр сумын болон Алтай сумын нутаг дахь Хайч уул, Улаан ганга, Ээж хайрхан уул, Бугат сумын нутаг дахь бунгийн гол зэрэг газруудаас папеогенийн гавалын үеийн аварга хирсний аймгийн шим үлдэгдлүүд олдсон байна. Ялангуяа шаргын говиос ногенийн гавалын үеийн миоценийн бүлгийн амьтан болох шувуу, эх газрын дун, хясаа, эртний заан болон плиоценийн бүлгийн амьтан болох эртний адууны аймгийн зэрэг шим үлдэгдлүүд нэг газраас цогцолбор байдлаар олдсон нь палеонтологийн шинжлэх ухаанд онцгой сонирхол татах аж. Мөн Халиун, Бигэр сумын нутгаас неогенийн гавалын миоценийн үеийн эртний зааны болон адууны аймгийн шим үлдэгдлүүд олдсоныг дурдууштай.
Монголын нэрт газарзүйн академич С.Цэгмэд Говь-Алтай аймгийн гадаргын хэв шинжийг “нутгийн өмнөд ба хойт талаар бэсрэг уулын хэв шинжтэй бөгөөд нутгийн хойд хэсгээр Алтайн ар говийн цав толгод, нутгийн дунд хэсгээр Монгол ба Говь-Алтайн уулт тогтолцоо, нутгийн өмнөд хэсгээр Алтайн өвөр говийн цав толгод” гэсэн мужууд байна хэмээн тодорхойлсон байна.
Томоохон говь, хотгор хонхоруудын гадаргын үнэмлэхүй өндөр 743-1100 орчим метр, өөрөөр хэлбэл далайн түвшингээс дээш дунджаар 1000 гаруй метр өргөгдсөн Хүйс, Шарга, Захуй, Зарман, Отгоны, Шаралдайн, Номин, Загт сайрын, Хар сайрын, Зүүн гарын, Талын, Нарансэвстэйн, Төхөм, Цагаан дэрс, Шалын, Улаан шалын хоолой, Хонин ус, Бигэр, Халиун зэрэг Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог. Эдгээрээс хамгийн нам өндөрлөгтэй нь Цэнхэр номингийн говь /583 м/ юм.
Алтай нутагт Монгол алтайн гол нурууны үргэлжлэл болох Мянган угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрханы уулс, Их хүрэн, Баян-Өндөр уул, Хар азаргын нуруу, Бурхан буудай уул, Гичгэний нуруу зэрэг үзэсгэлэнт сайхан уулс, Тонхил, Бугат, Төгрөг, Халиун, Цээл, Цогт, Бигэр, Эрдэнэ, Дэлгэр сумдын нутгаар дамнан сүрдэрлэнэ. Энэ гол нуруунаас зүүн урагш Монгол Алтайн нурууны урд талын томоохон салбар Аж богдын нуруу Бугат, Алтай сумын нутгийн дундуур цэнхэртэн харагдана. Монгол Алтайн нурууны хойд талын хоёр дахь салбар Төрийн тахилгат Сутай хайрхан Тонхил сумын нутагт чухамхүү хоёр аймгийн дөрвөн сумын нутгаас сүндэрлэнхэн гялалзана. Эндээс зүүн тийш Шаргын говийн зүүн хойд талаар Монгол Алтайн гол нурууны дөрөвдэх салбар болох Хасагт хайрхан, Хан тайшир, Сэрхийн нурууд, Баян-Уул, Шарга, Тайшир, Бигэр, Дэлгэр сумын нутгаар баруун хойноос зүүн урагш чиглэн сүндэрлэнэ. Монгол Алтайн нурууны өврийн нэгэн салбар болох Таянгийн нуруу үзэсгэлэнт Ээж хайрхан уулаар дамжих ба түүнээс зүүн урагш Цогт, Эрдэнэ сумын нутгаар дайрсан Идрэнгийн нуруу багагүй урт үргэлжилнэ. Идрэнгийн нуруунаас бүр урагшаа Атас богд, Ингэс, Ботгос уул Алтайн євєр говийн цаадах зэрэглээн дунд сүүмэлзэнэ.
Аймгийн хамгийн єндєр мєнх цаст Сутай хайрхан уул далайн тєвшнєєс дээш /д,т,д/ 4090 метр єндєр бєгєєд їїнээс гадна Аж богд /3802 м/, Бурхан буудай /3765м /, Алаг хайрхан /3738 м/, Хасагт хайрхан /3578м /, Бүс хайрхан /3393 м/ , Буга хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт єндєр уулс оршино.
Уур амьсгал:
Тус аймагт өндөр уулын, хуурай хээрийн, цөлөрхөг говь хээрийн уур амьсгал зонхилно. Бас чийглэгдүү хүйтэн тагийн болон дулаан говь цөлийн уур амьсгал хагас цөл нутаг хийгээд өндөр уулын оройн хэсэгт бүрэлджээ.
Өндөр уулсын хуурайдуу хүйтэвтэр уур амьсгал нь аймаг дахь Монгол Алтайн гол нуруу тухайлбал мянган Угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрхан, Хар азаргын нуруу, бурхан буудай уул зэргийн ян сарьдаг, тагаас дооших ар, өвөр хажуу, бэлийн 2000-2800 м-ийн өндөрт бүрэлджээ. Түүнчлэн аймгийн нутаг дахь Монгол Алтайн нурууны хойд салбар Сутай хайрхан, Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Хантайширын нуруу болон өмнөд салбар Бурхан буудай уулын тэрхүү хэсэгт өндөр уулын уур амьсгал төлөвшжээ. Эдгээр өндөр уулсын хуурайдуу уур амьсгалын мужийн 7 дугаар сарын ижил утгын шугам +20 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм бөгөөд дээрх нутагт жилөдээ нийлбэр дүнгээр 80-135 мм орчим хур тунадас унана. Харин дурдан буй уулс, нуруудын 2800 м ба түүнээс дээш өндөр чийглэгдүү хүйтэн тагийн уур амьсгалын муж бүрэлджээ. Энд 7 дугаар сарын ижил утгын шугам +16 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шгум -24 хэм орчим бөгөөд жилд нийтдээ 135 мм-энэс дээш хур тунадас унадаг учир аймагтаа хамгийн чийглэг нутгууд нь юм.
Хуурай сэрүүн уулын хээрийн уур амьсгалын муж аймгийн нутгийн 1600-2000 м өндөрт орших тодруулбал, Алтайн өмнөд говийн ууландаа ойрхон бэл, хонхор, хотгор, цав толгод мөн Дарви, Хасагт хайрхан, Хантайшир, Сэрхийн уулсын хормой, бэлийн буурц хотгоруудаар /Гүзээн тээлийн буурц, Цагаан олом, гуулингийн тал, тахийн тал гэх мэт/ болон Идрэнгийн нуруу, Атас богд орчмоор бүрэлдэн тогтжээ. Уур амьсгалын энэ мужид 7 дугаар сарын ижил утгын шугам +24 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм орчим ба жилийн нийлбэр дүнгээр 48-80 гаруй мм тунадас унана.
Дулаавтар цөлөрхөг хээрийн уур амьсгалын муж Шарга, Хүйсийн говь, Монгол элсний орчим нутаг болон Бигэр, Халиун, Шалын хоолой, Алаг нуурын говь, Захуй, зармангийн говь, аймгийн хамгийн өмнөд нутаг хатан суудлын тал зэрэг нутгаар зонхилох бөгөөд энд 7 дугаар сарын ижил утгын Шугам+24 хэм илүү, 1 дүгээр сарын ижил утгын шугам -16 хэмээс доош байх ба жилийн нийлбэр дүнгээр 48мм орчим тунадас унана.
Аймгийн өмнөд болон баруун өмнөд хилийн багахан хэсэг нутаг тодруулбал, Алтайн өвөр говь бүхэлдээ, тэрчлэн Шаргын говийн төв хонхор, Захуйн говийн төв хонхорт дулаан говь цөлийн уур амьсгал бүрэлдсэн ба энд жилийн нийлбэр дүнгээр 48 мм-ээс бага хур тунадас унадаг, 7 дугаар сарын ижил утгын шугамаар авч үзвэл, аймагтаа хамгийн халуун /+30хэмээс дээш/ болдог газрууд юм.
Дээр дурдсанаас дүгнэн хэлбэл Говь-Алтай аймагт хуурай, сэрүүвтэр болон гандуу дулаан зун хийгээд хахир, хахирдуу өвөл болдог байна.
Бэлчээр хөрс:
Байгалийн бэлчээр нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 72.4%, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 99.27%-ийг тус тус эзэлж байгаа ба нийт ажиллагчдын 34.6 хувь нь ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16.3%, экспортын 10%-ийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн тэжээлийн үндсэн эх үүсвэр нь байгалийн бэлчээр байсаар байна.
Говь-Алтай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 73.5%-ийг бэлчээр (2010 оны байдлаар) эзлэх ба үүний 34.3%-ийг дундаж болон нам, бэсрэг уулын бэлчээр, 21.1%-ийг цөлийн бэлчээр, 18.2%-ийг цөлөрхөг хээрийн бэлчээр, 9.2%-ийг өндөр уулын бэлчээр, 6.1%-ийг хээрийн бэлчээр, 5.6%-ийг голын хөндий, нам, хотос нугын бэлчээр, 0.3%-ийг өндөр уул хоорондын нугын бэлчээр тус тус эзлэх ба 5.2% нь бэлчээрт тохиромжгүй газар эзэлж байна.
Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн ургац, тэжээлийн шимт чанар буурах, ургацад малын тэжээлийн ургамлын эзлэх хувь багасах, бэлчээрийн газарт хортон шавьж, мэрэгчид тархах, зам болон уул уурхайн үйл ажиллагаанд өртөх, хог хаягдлаар бохирдох зэргээр бэлчээр доройтолд нэрвэгдэх нь улам бүр нэмэгдэж байна. Бэлчээрийн төлөв байдал, чанарын улсын хянан баталгаагаар (2010) Говь-Алтай аймгийн нийт бэлчээрийн 14.4% буюу 1556127.4 га бэлчээр дунд зэрэг, 0.82% буюу 88385.6 га нь хүчтэй доройтсоны дээр 40016 га бэлчээр автогений нөлөөнд, 62843 га нь техногений нөлөөнд тус тус өртөж, 297719.1 га бэлчээрт хортон мэрэгчид тархаж, 230 га бэлчээр ахуйн хог хаягдалд бохирдсон байна. Бэлчээрийн доройтлын хэмжээг сумдаар авч үзвэл, Халиун, Цээл, Алтай, Бугат, Жаргалан сумдын нийт бэлчээрийн 10 хүртэл хувь нь дунд зэрэг доройтсон байгаа бол Есөнбулаг, Тайшир, Төгрөг, Чандмань сумын нийт бэлчээрийн 20 хүртэл хувь, Тонхил, Цогт, Дэлгэр, Дарви, Хөхморьт, Шарга, Эрдэнэ сумын бэлчээрийн 20-25%, Баян-Уул, Бигэр сумын нийт бэлчээрийн 40-50% нь тус тус дунд болон хүчтэй доройтсон байна.
Ийнхүү бэлчээр доройтож байгаагийн нэг шалтгаан нь бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт болон шинжлэх ухааны үндэслэлтэй менежментийн аль аль нь алдагдаж, зөвхөн малын тооны өсөлт, малын ашиг шимийн нэмэгдлийг эн тэргүүнд тавьсны улмаас бэлчээрийн даац хэтэрсэн, сүргийн бүтэц алдагдсан, бэлчээрийн усан хангамж эрс муудсаны зэрэгцээгээр дэд бүтцийн хөгжлийн түвшин зэргээс улбаалан төв, суурин газар, уст цэгийн орчим болон зам дагуу хүн, мал ихээр төвлөрсөн, бэлчээрийг зохистой ашиглах арга туршлагатай хүмүүс ховордсон, бэлчээрийн менежментийн талаархи мэргэжилтэн, малчдын мэдлэг чадавхи сул, орон нутгаас бэлчээрийн ургамалжил, түүний төлөв байдал, ашиглалтанд тулгуурлан зохистой ашиглах, сайжруулах, хамгаалах ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж, зохицуулах, малчдыг бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхэд татан оролцуулах ажил хангалттай хийгдэхгүй, төрийн бодлого зохицуулалт сул, хөрөнгө санхүүжилт хүрэлцээгүй зэрэгтэй шууд холбоотой.
Бэлчээрийг доройтохоос урьдчилан сэргийлэх, зохистой ашиглах, сайжруулахын тулд бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох асуудал “Монгол мал” үндэсний хөтөлбөр(2010), Монгол улсын баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр (2006-2015), Говь-Алтай аймгийн хөгжлийн хөтөлбөр (2007-2015) зэрэг бодлогын баримт бичигт тусгалаа олсон боловч тэдгээрийн хэрэгжилт бэлчээрийн экосистемд тулгараад буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул Дэлхийн байгаль хамгаалах сан, Mercy corрs ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймгийн хэмжээнд “БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР /2012-2023 он/” –ийг боловсруулж аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2011 оны 10/10 дугаарын тогтоолоор батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.