- Орхон аймгийн байгаль цаг уурын онцлог, бэлчээрийн даац
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ.
Орхон аймаг 101.9 мянган хүн амтай, Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай, 25 багтай. Тус аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ, Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшинээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84.4 мянган га газар нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 50.2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25.1 мянган га нь хот, суурин газар, 24.7 мянган га нь ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр, 1400 га нь хадлангийн талбай юм. Эрс тэс уур амьсгалтай. Уулын ойт хээрийн бүсэд хамрагддаг. Өвөлдөө -30 хэм хүйтэрч, зундаа +32 хэм хүртэл халдаг. Жилийн дундаж хэм нь +8, хур тундасны нийлбэр жилдээ 371.8 мм, дөрөв, тавдугаар саруудад хамгийн их салхитай, нэгдүгээр сард хамгийн их хүйтэн, долдугаар сард хамгийн их халуун байдаг. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 136988 толгой мал тоолуулсан. Үүнээс: тэмээ-57, адуу-12812, үхэр-20335, хонь-51249, ямаа-52535 байна.
Тус аймаг нь нутаг дэвсгэр багатай, бэлчээрийн багтааамж хүрэлцээгүйгээс малчид хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хангал, Орхон, Бүрэгхангай сумдын нутагт малаа маллаж өвөлжиж, хаварждаг.
2019 онд Орхон аймгийн ХХААГ-ын захиалгаар Жаргалант сумын бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг “Хөгнө Мээж” ХХК-аар тодорхойлуулсан. Судалгаа явуулсан нутагт нутагт уулархаг гадаргуугаар уулын хүрэн хөрс, уулын хар хүрэн хөрс зонхилж бага хэмжээгээр уулын нугын бүдүүн ялзмагт хар шороон хөрс, уулын ойн ширэгт бараан хөрс тархсан, хөрсний химийн шинжилгээгээр бэлчээрийн хөрсний урвалын орчин /ph/ 61.1%-д сул хүчиллэг, 38.8%-д сул шүлтлэг байна.
Энэ төлөв байдлын дүгнэлтээр:
- Тус сумын нутагт үетэн-улалж алаг өвст, үетэн-улалжит, алаг өвс-улалж-агьт, үетэн-улалж-адамсын шарилжит, алаг өвс-улалж-хиагт, хиаг-улалж-дэрст зэрэг бүлгэмдлүүд зонхилон тархсан байна.
- Бүлгэмдлийн нэгж талбайд дунджаар хамгийн олон нь 14-24, хамгийн цөөн нь 2-9 дунджаар 10 зүйл ургамал бүртгэгдсэн нь бэлчээрийн нэгж талбай дахь ургамлын төрөл зүйл цөөрсөн.
- улалжийн арви ихэссэн байгаа нь бэлчээр их ашиглагдаж байна.
- Бэлчээрийн даац 3.4 дахин хэтэрсэн гэсэн үзүүлэлт гарсан.
2021 оны зуншлагын байдал /8-р сарын 10-ны байдлаар/:
Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2021 оны 08-р сарын 10-ны байдлын мэдээллээр агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал 6,7,8-р саруудад дундажийн орчим дулаан, 6,7-р саруудад Баян-Өндөр суманд 227.5 мм, Жаргалант суманд 259.7 мм хур тундас орсон. 6-8-р саруудад орсон тундасыг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар 6-р сард дундажаас ахиу, 7-р сард дундажийн орчим тундас орсон байна.Бэлчээрийн ургамлын ургалт 7-р сарын 31-ны байдлаар Орхон аймгийн нутгаар сайн үнэлгээтэй, ургамлын дундаж өндөр 15-28 см, бэлчээрийн ургац 8.6-9.5 ц/га байна. 5,6-р сард нийт нутгаар хур тундас олон жилийн дундажаас ахиу орсон нь бэлчээрийн ургамлын ургалтанд сайнаар нөлөөлж, гандалтын аль нэг шинж тэмдэг илрээгүй, бүх төрлийн мал тарга тэвээрэг авах бололцоотой байна.Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “Ган зудын байдалд үнэлгээ хийх журам”-ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 6,7 дугаар сард нийт нутгаар хэвийн зуншлагатай, зуншлага сайхан байна.