- Газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал
Өмнөговь аймаг нь манай орны өмнөд хэсэг хэсэгт оршдог бөгөөд аймгийн төв нь Даланзадгад хот юм. Тус аймаг нь хойд талаараа Өвөрхангай аймагтай 245 км, Дундговь аймагтай 391 км, зүүн талаараа Дорноговь аймагтай 241.7 км, урд талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 783.7 км, баруун талаараа Баянхонгор аймагтай 220.8 км урт зурвас газраар тус тус хиллэдэг. 165.0 мянган км2 газар нутагтай бөгөөд засаг захиргааны 15 сум, 59 баг нэгжид хуваагддаг. Аймгийн өндөржилтийн хувьд хамгийн өндөр цэг 2800м, бусад хэсгээрээ нам дор газарт хамаарах буюу 1090м орчим өндөрт өргөгдсөн байна. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хувьд хуурай хээр, цөлийн хээр, умардын цөл, заримдаг цөл, жинхэнэ цөл гэсэн бүс бүслүүрт хамаарна.
2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 1000 хүнд ноогдох төрөлт 6.0, цэвэр өсөлт нь 5.3, суурин хүн амын 38.7% нь буюу 27185 нь аймаг, сумдын төвд, 61.3% нь буюу 43185 нь хөдөө амьдарч байна. Аймгийн нийт өрхийн (22013) 36.9% нь малчин өрх буюу 10219 малчинтай байна. Өмнөговь аймаг нь 2020 оны эцсийн байдлаар 70371 хүн ам, 22013 өрх айлтай байна. Тухайн жилийн эцсийн мал тооллогоор 2.8 сая гаруй толгой малтай бөгөөд10219 малчин иргэдтэй байна. Хөдөлмөрийн насны хүмүүсийн 66.7% нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 11.870 мянган төгрөг, ДНБ−г ангилж үзвэл 17.61% нь хөдөө аж ахуй (ХАА), 23.93% нь уул уурхай, олборлолт, 16.85% нь барилга, 35.77% нь үйлчилгээний салбарт ногдож байна.
- Газрын гадарга
Тус аймгийн нутгийн баруун тал, төв хэсэг рүү Говийн Алтайн нурууны салбар уулс түрж ордгоос аймгийн нутгийн баруун болон төв хэсэг нь нилээд уулархаг гадаргатай болсон. Аймгийн нутгийн зүүн хойд хэсэгт орших Шанхай Өгөөмөрийн жижиг уул, нуруудыг оруулаад, нийт уул нуруудын эзлэх талбай аймгийн бүх нутгийн 18%−ийг эзэлнэ. Энэ байдлаас үзэхэд аймгийн нутаг нь ерөнхийдөө талархаг байдалтай гадаргатай.
Талархаг гадаргуутай нутаг нь дотроо: жижиг уулс, цав толгод, ухаа гүвээ талархаг газар, хотос хонхортоо хужир марзтай тойром, жижиг довцог элс, манхан бүхий нам дор газар гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд жижиг уулс, цав толгод ухаа гүвээ бүхий талархаг газар нь аймгийн нутгийн зүүн хойд хэсэгт, өндөр уулсын бэл дагуух нутгуудыг хамарч аймгийн нийт нутгийн 56%−ийг эзэлнэ. Харин хотос хонхортоо хужир марзтай тойром, жижиг довцог элс, манхан бүхий нам дор газарт аймгийн нутгийн хойд хэсгээр түрж орж ирэх Олон нууруудын хөндийн төгсгөл болох Онгийн голын адаг, Улаан нуурын сав дагуух нутаг болон Борзон Галбын говь, тэрчлэн Нэмэгт уулын ар хоолой, Ингэн сэвстэй, Цайлангийн говийг дайрч улсын хилийн дагуу үргэлжлэх Алтайн өмнөт говийн зүүн үзүүр болох нам дор газар нутгууд орно.
Нам дор газрууд нь аймгийн нутгийн 26%−ийг хамарна. Аймгийн газар нутгийн гадаргуугийн энэхүү онцлог шинж нь аймгийн байгаль цаг уурын нөхцөлд зохих ёсны нөлөөг үзүүлдэг. Тухайлбал тус аймгийн баруун өмнөт талын нам дор нутгуудад намрын хүйтрэлт нилээд аажуу орж, хавар эрт дулаардаг бол уулархаг нутаг, түүний дотор Гурвансайханы нуруу дагуух нутгуудад намар эрт хүйтэрч, хавар хожуу дулаардгаас хүйтний улирал харьцангуй урт болдог байна.
Тус аймгийн нутгийн уул нурууд нь баруунаасаа зүүн тийш чиглэсэн тогтоцтой, урт сунгуу хэлбэртэй юм. Мөн уул нурууд нь хоорондоо элсэн довцог, манхан хужир марзтай хотос, тойром элбэгтэй нарийн хөндий хоолойнуудаар зааглагдана.Түүнчлэн хойноосоо урагш үелэж зэрэгцсэн байрлалтай болно.
Уул нуруудын өндөр нь хойноосоо урагшлах тутам намсаж ирдэг онцлогтой. Жишээ нь: Гурвансайханы Дундсайхан нь 2825 м, Зүүнсайхан 2815 м, Баруунсайхан 2613 м өндөртэй байхад Нэмэгт уул 2768 м, Сэврэй 2631 м−ийн өндөртэй, мөн тус нуруунаас өмнө орших Тост, Ноён уулын өндөр 2517 м−2397 м болж намсаж ирдэг байна. Дээрх уул нурууд нь далайн түвшнээс дээш өргөгдсөн байдлаараа ялгагдаад зогсохгүй мөн гадаргынхаа онцлогоор хоорондоо эрс ялгагддаг.
Гурвансайханы уулс хавтгай хяртай, уулын хэсэгтээ хад чулуу багатай, уулт− хээрийн өвс ургамал сайтай байхад түүнээс урагш орших уул нурууд нь хад хясаа ихтэй шовх оройтой, цөл хээрийн бутлаг ургамал зонхилох шинжтэй болдог. Мөн уулсын энгэр, бэл нь гүн жалга, сайраар ихээхэн хэрчигдсэн байдаг. Энэ нь уг газруудыг улам бартаархаг болгож ашиглагдах нөхцөл боломжийг нь хүндрүүлдэг байна.
Гурвансайханы уулсын өвс ургамал сарлаг, бог мал, адуу мэтийн олон төрлийн малд тохиромжтой байхад түүнээс урагш орших уулуудад өвс ургамал нь цөлийн шинжтэй байхын дээр хад чулуу ихтэй ямаа бог малаас бусад малд ашиглагдах боломж нь мууддаг байна.
Ийм байдал Гурвансайханы нурууны зүүн үзүүрт орших дурьдсан уул нуруудаас нилээд алслагдан орших Шанхай, Цэций, Их−Уул зэргийн уулууд орох бөгөөд эдгээр уулсын өндөр нь 1700−1800 метрээс ихгүй юм. Эдгээр уулсын томоохон нь Шанхайн уул юм.
Шанхайн уул нь дотроо олон салбар оройтой болохын дээр жалга, сайраар үлэмж хэрчигдсэн, хажуу бэлээрээ хайр, чулуун хурдас элбэгтэй болно. Ер нь гүн хавцал, жалга, гуу сайраар ихээхэн хэрчигдсэн байх нь говийн уулсын нийтлэг шинж нь болдог байна.
Аймгийн нутаг дэвсгэрийн ихэнх хувийг цав толгод, ухаа гүвээ бүхий талархаг газар эзэлдэг. Цав толгод нь бөөн бөөнөөрөө болон мөн өөр хоорондоо нарийн хөндий хоолойгоор тусгаарлагдан зааглагдсан байдаг ба хур тунадасны нөлөөгөөр үүссэн жалга гуу, хуурай сайраар ихээхэн шигүү хэрчигдсэн байх нь олонтоо ажиглагддаг. Мөн гадарга нь өвс ургамалгүй шахам чулуугаар хучигдсан байх нь ч үзэгддэг. Гэвч эдгээр газруудад өвөл, хаврын цагт нөмөр газар ихтэй, толгодуудын хоорондох дэрс түнх, дов товцогтой хонхор хотгоруудад усны эх үүсвэр элбэгтэй байдаг нь мал аж ахуйд нэн тохиромжтой юм. Цав толгод бүхий газар аажмаар намсаж ухаа гүвээрхэг талархаг газарт шилжих бөгөөд хааш хаашаагаа хэдэн арван км−ээр үргэлжилдэг.
Мөн орчныхоо нам дор газруудаас нилээд өргөгдсөн дэнж дэвсэг болж харагдах нь цөөнгүй үзэгддэг ийм газруудад нь усны эх үүсвэр ховор байдгаас мал аж ахуйд ашиглах бололцоо муутай, ашиглалт багатай бэлчээрт гол төлөв ордог байна. Харин Хөндий, Хоолойн хотос хонхор дагасан нам дор газрууд нь усан хангамжаар бусад газруудаас ямагт илүү байдгаараа онцлог юм.
Аймгийн нутаг дэвсгэрийн эдгээр олон хэв шинж нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа түүний бүтэц бүрэлдэхүүнд ч зохих нөлөө үзүүлж иржээ. Тухайлбал Говь Гурвансайхан, Сэврэй, Ноёнбогд, Номгон, Тост, Нэмэгт, Гилбэнт зэрэг уулархаг нутгууд ямаа, сарлаг, адуунд тохиромжтой байхад Галба, Зээмэг, Борзон, Заг сүүж, Ухаа гүний говиуд нь тэмээнд жинхэнэ тохиромжтой нутаг юм.
Тус аймгийн нутагт нийтдээ 32.2 мян.га талбайг элс эзэлж байна. Үүний 40 орчим хувийг нүүдэг элс эзэлдэг. Сэврэй сумын Хонгорын элсэн уул нь 180−д км урт, зарим газартаа 20 км өргөн юм. Аймгийн газрын гадаргуугийн өндөршилтийн зургаас үзэхэд далайн түвшнээс дээш 1000 метр хүртэл өргөгдсөн нутаг 5321.7 м.га, 1000−1400 метрт 8633.0 мян.га, 1400−1800 метрт 2074.9 мян.га, 1800−2400 метрт 468.2 мян.га, 2400 метрээс дээш өргөгдсөн нутаг 18.5 мян.га байна. Өөрөөр хэлбэл нийт нутгийн дийлэнх хувийг далайн түвшнээс дээш 1000−1400 метрт өргөгдсөн жижиг уул, толгод, ухаа гүвээ, тэгшивтэр гадаргуутай нутаг эзэлж байна.
- Уур амьсгалын нөхцөл, мужлал
Өмнөговь аймгийн нутагт уул нуруу, говь хонхор, газрын гадаргын хэв шинж олон янз учраас байгалийн ба уур амьсгалын нөхцөл нь хэд хэдэн муж болж хуваагдах онцлогтой байна. Ургамлын ургалтын хугацааны чийг температурын нийлбэрийг уур амьсгалын гол үзүүлэлт болгож авсан болно. Энэ нь ургамлын ургалтын хугацаанд орсон хур тунадасны нийлбэрийг мөн үеийн 10°−аас дээших температурын 10 дахин багасгасан нийлбэрт харьцуулсан тоогоор илэрхийлэгдэнэ. К=R/0.1 (ниилбэр t>10°) Үүний К= чийг хангамж, R= 10°−аас дээш температуртай үеийн тунадасны нийлбэр. T>10°= хоногийн дундаж агаарын 10°−аас дээших температурын нийлбэр.
Чийг хангамж коэффициентийг мужлалын шалгуур болгосон юм. Ингэхэд далайн түвшнөөс дээш 1800 м өндөрт чийг хангамж 0.4−өөс их, 1400−1800 м түвшинд 0.3−0.4, 1400 м−ээс доош нутагт 0.3 –аас бага байгаа юм. Ургамлын ургалтын хугацааны дулаан хангамжийг хоногийн дундаж агаарын 10°−аас дээшхи температурын нийлбэрээр тогтоосон бөгөөд энэ нь мужлалын бас нэг үзүүлэлт юм. Мужлалын дулааны хангамжийн шалгуурт дээрхи температурын нийлбэр 80%− ийн хангамжинд тохирох хэмжээг авсан юм. Дээрхээс үндэслэн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн уур амьсгалын 3 мужид хувааж болж байна.
Үүнд:
- Хуурай сэрүүвтэр муж
- Хуурай дулаавтар муж
- Нэн хуурай дулаан муж
Хуурай сэрүүвтэр муж. Энэ мужид далайн түвшнөөс дээш 1800м буюу түүнээс дээш өргөгдсөн бүх нутаг хамрагдана. Жилд 100 мм−ээс их тунадас унана. Чийг хангамжаар муу нийлбэр температур нь 2200°−аас бага байдаг.
Хуурай дулаавтар муж. Энэ мужид далайн түвшнөөс дээш 1400−1800 м өргөгдсөн нутаг хамрагдана. Жилд 75−100 мм тунадас унана. Чийг хангамжаар муу, дулааны хүрэлцээ сайн нийлбэр температур нь 2200°−2800° байдаг. Дулааны хүрэлцээгээр маш сайн боловч чийггүй болохоор ургамлын баялгаар муу, газар тариалан эрхлэх боломжгүй юм.
*Нэн хуурай дулаан муж.*Энэ мужид далайн түвшнөөс дээш 1400 м−ээс доош бүх нутаг багтах бөгөөд жилдээ 50−75 мм, түүнээс ч бага тунадас ордог. Чийг хангамж муу, дулааны хангамж их юм. Нийлбэр температур 2800°−аас их байдаг. Бэлчээрийн ургамал ургах байгалийн нөхцөл нь нэн хатуу учраас малын тэжээлийн хүрэлцээ дутагдаж, мал маллагааны ажлыг их хүндрүүлдэг.
- Дулаан, хүйтний горим
Манай орон далай тэнгисээс алслагдаж, тал бүрээсээ өндөр уулсаар хүрээлэгдэж далайн түвшнөөс дээш их өргөгдсөн хотгор гүдгэр янз бүрийн гадаргуутай зэргээс агаарын температур ихээхэн ялгаатай, эрс тэс болдог. Өмнөговь аймгийн төв, баруун талын сумд тухайлбал Баяндалай, Ноён, Гурвантэс, Хүрмэн сумдын нутгаар жилийн дундаж агаарын температур 3.9°−5.1° орчим байхад зүүн, өмнө талын талархаг нутгаар 7.4° хүрч байна. Өмнөговь аймгийн бүх нутагт хамгийн хүйтэн сар нь 1−р сар (сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар -11.5°-16.8°), хамгийн дулаан нь 7−р сар (сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар 20.2°−24.9°) байдаг. 1−р сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар (далайн түвшнөөс дээш 1000 м түвшинд) аймгийн баруун, өмнө, зүүн урд талаар -12°−аас дээш, төвийн орчим (1500 м түвшинд) -12°-14°, төвийн хойд, зүүн талаар -14°-16°, Баяндалай сумын төв, Булган сумын хойд, Мандал−Овоо сумын баруун талаар -16° аас дээш хүйтэрдэг байна.
Сарын дундаж агаарын температур жил бүр ижил байдаггүй, олон жилийн дундаж нь хэвийн хэмжээнээс дулаан, хүйтэн янз бүр байдаг. Цаг уурын станц, харуулын ажиглалтын материалаас үзэхэд аймгийн нийт нутгаар 1968, 1969, 1977 онууд нэлээд хүйтэн жил байжээ. Дээрхи онуудын 1−р сарын дундаж агаарын температур олон жилийн дундаж хэвийн хэмжээнээс 10°−5°аар хүйтэн (-26.6°-17.4° хүрсэн) байв. Агаарын үнэмлэхүй бага температур баруун, зүүн, хойд талын сумдын нутгаар -30.0°-41.5°, төвийн нутгаар -33.8°-36.3°, өмнөд хэсгээр -31.5°-38.8° хүрч хүйтэрдэг. Гэвч зарим жил тухайн нутагт хэвийн хэмжээнээс илүү хүйтрэх явдал тохиолддог. Тухайлбал 1964 оны 2 дугаар сарын 10−ны өдөр Баяндалайд -41.5°, 1968 оны 1 дүгээр сарын 28−нд Мандал−Овоод -40.0° хүрч хүйтэрсэн нь Өмнөговь аймгийн нутагт ажиглагдсан хүйтний туйл болж байна.
Жилийн хамгийн дулаан 7−р сард агаарын дундаж температур далайн түвшнөөс дээш 1800 м өндөрт 20°−аас бага, 1600−1800 м түвшинд 20°−22°, 1300−1600 м түвшинд 22°− 24°, 1300 м−ээс доош нутагт 24°−аас дулаан байна. Олон жилийн агаарын температурын мэдээгээр жилийн дундаж температурыг тооцоолж, тархалтыг зурагласан байдлаас харахад Өмнөговь аймгийн нутгаар агаарын температурын жилийн дундаж утга +3−аас +8 градус байна. 1981 оны 7−р сард аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 2°− 3°аар дулаан болж сарын дундаж агаарын температур 22°− 27° байв. Үнэмлэхүй их температур баруун хойд, хойд талын сумдын нутгаар 32.6°− 39.9°, төвийн нутгаар 35°− 35.8°, бусад нутгаар 38.6°− 41.0° хүрч байв.
Агаарын температур нь өргөргийн дагуу хойноос урагшаа, баруун талын уулархаг нутгаасаа зүүн тийш говь руугаа болох тутам дулаарч байна. Хавар, намрын улирлуудад агаарын температур 0°−аас дээш байх үед хүйтэн агаар өөр нутгаас түрж ирэх буюу шөнийн цагт эрс хүйтэрснээс температур 0°−аас доош бууран хавар, намар цочир хүйтрэх удаа бий. Цочир хүйтрэлт ургамлын өсөлт, хөгжилтийг саатуулах, заримдаа хэсэг газрын ургамлыг бүхэлд нь гэмтээх, үр тариа, хүнсний ногоог хөлдөөх зэргээр хөдөө аж ахуйд хохирол учруулдаг байна. Цаг уурын ажиглалтын материалаас үзэхэд Номгон, Мандал−Овоо, Ханбогд сумдын нутгаар хаврын цочир хүйтрэлт дунджаар 5 дугаар сарын 5−аас 7−ны үед, бусад нутгаар 5 дугаар сарын 2 дугаар арав хоногт ажиглагддаг байна. Намрын цочир хүйтрэлт Гурвантэс, Сэврэй, Булган, Цогт−Овоо, Мандал−Овоо, Ханбогд сумдад 10 дугаар сарын 1 дүгээр арав хоногт, бусад сумдын нутгаар 9 дүгээр сарын 3 дугаар арав хоногт тохиолддог байна.
Агаарт цочир хүйтрэлт болох эцсийн хугацаа далайн түвшнөөс дээш 1800 м өндөрт 5 дугаар сарын 10−аас хожуу, 1500−1800 м түвшинд 5 дугаар сарын 5−10нд, 1500 м−ээс доош нутагт 4 дүгээр сарын 30−наас эрт, эхний хугацаа далайн түвшнөөс дээш 1800 м өндөрт 10 дугаар сарын 10−аас эрт, 1500−1800 м түвшинд 10 дугаар сарын 5−10нд, 1100−1500 м түвшинд 10 дугаар сарын 10−15нд, 800−1000 м түвшинд 10 дугаар сарын 15−20нд, 800 м−ээс доош нутагт 10 дугаар сарын 20−оос хожуу тохиолдох нь 80 хувийн магадлалтай байна. Өөрөөр хэлбэл 100 жилийн 80−д, 10 жилийн 8−д нь тохиолдох хугацаа юм. Өмнөговь аймгийн нутагт хүйтрэлгүй үе дунджаар 5 дугаар сарын 2 дугаар арав хоногоос эхэлж 9 дүгээр сарын сүүлчээр дуусдаг. Түүний үргэлжлэх хугацаа 129−188 хоног байна. Иймээс ургамлын өсөлтөд оногдох хугацаа тийм ч бага биш юм.
Хавар агаарын ба хөрсний чийг хамгийн бага, өөрөөр хэлбэл хөрсний дулааны нөөц бага байдгаас намрынхаас хаврын хүйтрэлт илүү хүчтэй болдог. Хоногийн дундаж температур 0°, +5°+10°−ийг давж дулаарах, хүйтрэх үе нь ургамлын ургалт газрын хөрсний хөлдөх, гэсэх явцтай холбоотой учраас цаг уурын шинжлэх ухаанд түүнийг онцгойлон авч үздэг. Тухайлбал хоногийн дундаж температур 0°−ыг давж дулаарах үед газрын хөрсний хагалгааны гүн гэссэн байдаг бөгөөд энэ үеийг хаврын эх гэж үздэг бол 5°−ыг давж дулаарах үе нь ургамлын цухуйж эхлэх хугацаатай давхцдаг. Хоногийн дундаж агаарын температур +10°−ыг давж дулаарах нь ургамлын идэвхтэй ургалт эхлэх хугацаа тул түүнийг хаврын улирлын эцэс гэж үздэг. Намрын улиралд хоногийн дундаж температур +10°−аас доош хүйтрэх үеийг намрын эхэн, 0°−оос доошилж хүйтрэх хугацааг намрын эцэс гэдэг. Баян−Овоо, Ханбогдод 3 дугаар сарын 16−18−нд, бусад сум дунджаар 3 дугаар сарын 25−нд 0°−оос доош дулаарч, 10 дугаар сарын 25−аас 11 дүгээр сарын 6−ны үеэр 0°−оос доош хүйтэрдэг байна. Үүнээс үзэхэд хоногийн дундаж агаарын температур 0°−аас дээш байх хугацаа дунджаар 213−239 хоног байна.
Хоногийн дундаж агаарын температур олон жилийн дунджаар далайн түвшнээс дээш 1800 м түүнээс дээш өргөгдсөн нутагт 5 дугаар сарын 5−наас хожуу, 1400−1800 м түвшинд 4 дүгээр сарын 25−аас 5 дугаар сарын 5, 1000−1400 м түвшинд 4 дүгээр сарын 15−25, 1000 м−ээс доош нутагт 4 дүгээр сарын 15−аас эрт давж дулаардаг. 1800 м түвшинд 9 дүгээр сарын 25−наас 30, 1200−1800 м түвшинд 9 дүгээр сарын 30−наас 10 дугаар сарын 5−нд, 1200 м−ээс доош нутагт 10 дугаар сарын 5−наас хожуу хүйтэрдэг байна. Өмнөговь аймгийн Сайхан (Булган сум), Цогт−Овоо, Даланзадгад зэрэг цаг уурын станцуудад 1940 оноос хойш хэмжсэн цаг агаарын ажиглалтын мэдээгээр агаарын тэмператур, хур тунадасны олон жилийн явцыг үнэлж үзэхэд Сэврэй, Даланзадгад станцууд дээр агаарын температур жилд 0.52−0.81 градусаар дулаарсан байхад Цогт−Овоо станц дээр 0.75 градусаар буурсан дүр зураг харагдаж байна.
- Чийгийн горим
Өмнөговь аймгийн нийт нутаг хуурай уур амьсгалтай бүсэд багтана. Агаар хуурай, хөрснөөс уурших чийгийн хэмжээ бага учраас жилийн дулааны улирлын харьцангуй чийгшлийн дундаж 29−50%, өвлийн улиралд 50−75%−аас хэтэрдэггүй байна. Өдрийн 13 цагийн харьцангуй чийгшил 20% хүрнэ. Зарим өдөр харьцангуй чийгшил 9−11% хүртэл буурах явдал бий. 30%−ас бага чийгтэй өдрийн тоо жилийн дулааны улиралд төвийн болон хойд, зүүн талаар 85−аас бага, өмнө талаараа 85−100 байгаагаас үзвэл агаар нэлээд хуурайг харуулж байна. Агаар нэн хуурай болохоор хур тунадасны хэмжээ нийтдээ бага юм.
Олон жилийн дунджаар жилд Ноён, Гурвантэс, Ханхонгор, Булган, Даланзадгад, Манлай суманд 102.1−132.9 мм тунадас, Баян−Овоо, Номгон суманд 63.2−70.9 мм, бусад суманд 80−100 мм тунадас унадаг байна.
Жилд унах тунадасны хэмжээ жил бүр ижил байдаггүй, зарим жил 1 хоногт жилд орох тунадасны ихэнх нь орох тохиолдол байдаг. Тухайлбал Даланзадгадад 1977 онд 235.3 мм, Номгонд 1969 онд 156.9 мм тунадас жилдээ орж байсан бол Даланзадгадад 1956 оны 8 дугаар сарын 5−нд 137.8 мм, 1979 оны 6 дугаар сарын 29−нд 53.5 мм тунадас 1 хоногтоо орсон байна. Гэтэл Даланзадгадад 1944 онд 51.6 мм, Номгонд 1980 онд 9.1 мм тунадас жилдээ оржээ. Үүнийг олон жилийн дундаж хэвийн хэмжээтэй харьцуулбал 58.4−87.2%−иар бага юм. Далайн түвшнөөс дээш 1800 метрийн түвшинд 75−100 мм, 1000−1400 м түвшинд 50−75 мм, 1000 метрээс доош нутагт 50 мм−с бага тунадас унах магадлал 80% байна. Иймээс ургамлын чийг хангамж туйлын муу ажээ. Сүүлийн 60 жилд орсон хур тунадасны жилийн нийлбэр утга Өмнөговь аймгийн нутгаар жилд 0.11−0.92 мм−ээр буурсан нь агаарын температур нэмэгдэж, дулаарч байгаа явцтай хавсарч ган болох эх үүсвэр болохын зэрэгцээ, бэлчээр доройтох үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.
- Салхины горим
Монгол оронд жилийн хүйтэн улиралд эсрэг циклон, дулаан улиралд шатлуур багатай нам даралтын орон зонхилох тул салхины хурд ерөнхийдөө бага, жилийн дундаж салхины хурд 2.6−5.5 м/с орчим байдаг. Сарын дундаж салхины хурд хавар хамгийн их, өвөл, зун, бага байдаг ерөнхий шинжтэй атал Булганд сарын дундаж салхины хурд 11, 12 дугаар сард хамгийн их, хавар хоёрдогч их утга өвлийн эцэс, зуны улиралд тус тус 2 удаа бага утга ажиглагдана.
Хүчтэй салхитай өдрийн тооны олон жилийн дундаж Булганд харьцангуй их салхитай тооцогддог Даланзадгадаас хоёр дахин их байна. Судалгаанаас үзвэл Булганд Даланзадгадыг бодвол жилийн дундаж хүчтэй салхитай өдрийн тоо 2 дахин их, хүчтэй салхины үргэлжлэх дундаж хугацаа 3 дахин их байна. Нөгөө талаар Цогт−Овоо станцад хүчтэй салхи зонхилон (38%) 1.1 −ээс 3.0 цаг тасралтгүй үргэлжилдэг бол Даланзадгад, Булганд 3.1−6.0 цаг тасралтгүй үргэлжлэх хүчтэй салхи 30.4−26.7 %−ийн давтагдалтай байна. Булганд 6.1−9.0 цаг үргэлжлэх нь харьцангуй олон (18.5%) тохиолдоно. Даланзадгадад 1946−1972 оны хооронд 38 цагаас удаанаар тасралтгүй үргэлжилсэн хүчтэй салхи тохиолдоогүй атал 1961−1969 оны хооронд хийсэн ажиглалтаар Булганд 48 цагаас удаан үргэлжлэх хүчтэй салхины давтагдал 2.5% болж 148 цагийн турш салхины хурд 15 м/с−ээс буугаагүй үе тохиолдсон байна. Булганд 1976 оны 3 дугаар сарын 28, 1982 оны 12 дугаар сарын 20, Ханбогдод 1977 оны 3 дугаар сарын 13, Хүрмэнд 1983 оны 3 дугаар сарын 15−ны өдөр тус тус 40 м/с хүрсэн нь Өмнөговь аймгийн нутагт ажиглагдсан салхины хамгийн их хурд юм. Салхи ихтэй болохоор шороон шуургатай өдрийн тоо жилдээ 19−55 байдаг.
- Хөрс, хөрсөн бүрхэвч
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн газрын гадаргын хотгор гүдгэр харилцан адилгүй байдгаас шалтгаалан хөрс үүсгэгч эх чулуулаг өөр өөр байна. Аймгийн ихэнх нутагт гол төлөв дөрөвдөгчийн галавын хурдсууд зонхилон тархах бөгөөд эдгээрийн тогтоц, байршил, морфологи шинж, физик−химийн шинжийг нь үндэслэн
- Эллювийн хурдас
- Деллювийн хурдас
- Эллюви−деллювийн хурдас
- Аллювийн хурдас
- Пролювийн хурдас
- Эоловийн хурдас гэж ангилдаг.
Эллювийн хурдас Уулархаг газраар ихэвчлэн тогтворжих бөгөөд анх байсан газраа ямар нэгэн өөрчлөлтөд ороогүй хурдсууд хамрагдана. Эллювийн хурдас тус аймгийн Говь гурван сайхан, Сэврэй, Нэмэгт, Тост зэрэг уулс болон говийн жижиг ухаа толгодоор тархана. Эллювийн хурдас дээр тогтворжсон хөрс нимгэн үе давхаргатай байдаг ба зарим тохиолдолд эх чулуулаг (хөрс үүсгэгч хурдас) нь ил гарсан байх бөгөөд ихэнх тохиолдолд карбонатлаг, шүлтлэг орчинтой байна.
Деллювийн хурдас. Аймгийн нутгаар их хэмжээний нутгийг хамран тархах ба ялангуяа уулын ар, өвөр хажуу, хормой бэл, тэдгээрийн хоорондох хөндийгөөр тархана. Энэ хурдас үүссэн нөхцлийн хувьд эллювийн хурдсаас өөр нөхцөлд гулсалт, шилжилтийн үр дүнд нам дор газар хуримтлагдсан хөрс багтдаг.
Эллюви− деллювийн хурдас. Ийм төрлийн хосолмол хурдас гол төлөв уулархаг газраар үүсэх бөгөөд жижиг дов толгодын цөлөрхөг хээрийн гүйцэт бус хөгжилтэй бор, цайвар бор, уулын сулавтар хөгжилтэй хөрсний дэд хэв шинжүүд эллюви− деллювийн хурдас дээр тогтворжсон байдаг.
Аллювийн хурдас. Энэ хурдасны гарал үүсэл нь дээрх хурдсуудаас өөр байдаг. Энэ хурдас усны нөлөөгөөр үүсч, чулуурхаг хэсгүүд нь бөөрөнхий, хурц ирмэггүй байх бөгөөд нам дор, чийглэг газраар ихэвчлэн үүснэ. Тус аймгийн Онгийн голын дагуу тархана.
Пролювийн хурдас. Энэ хурдас нь уулсын хоорондох нарийн хөндийгөөр цас борооны усны нөлөөгөөр урсдаг, гуу жалга, сайрын үелсэн тогтоцтой хөрсний төрөл зүйл хамрагдана.
Эоловийн хурдас. Эоловийн хурдас тус аймгийн бараг бүх нутгаар тархах ба ихэвчлэн салхины нөлөөгөөр үүссэн газрын гадаргын өнгөн хэсгийн элсэн хуримтлалыг хэлнэ.
Эх газрын эрс тэс уур амьсгал, Төв азийн цөлүүдийн нөлөө энэ бүхэн тус аймагт хөрс бүрэлдэн тогтох өвөрмөц нөхцлийг бий болгож хөрсөн бүрхэвчийн газарзүйн тархалтанд нөлөөлснөөс Монголын өмнөд хагаст цөлөрхөг хээрийн ба цөлийн хөрс зонхилж, хуурай хээрийн хөрс нутгийн хойд хэсэг болон өндөр уулсаар зурвасхан тархжээ. Өмнөговь аймгийн хөрс нь хөрс−газарзүйн мужлалтаараа Говийн их мужийн хойд говийн мужийн Говь Алтайн ба Нууруудын хөндийн, Дундговийн Замын−Yүдийн район, Өмнөт говийн мужийн Өмнөговийн ба Алтайн өвөр говийн районуудад тус тус багтаж байна.
Энэ нутгийн онцлог нь ус чийгээр туйлын дутмаг, зундаа ихээхэн халуун, гандуу, өвс ургамал тачир сийрэг байдаг учир хөрсөн бүрхэвчинд цөлөрхөг хээрийн бор ба цөлийн цайвар бор хөрсний бүсүүдэд хуваагдана. Харин Алтайн нуруунд уулын хээрийн хүрэн хөрсний бүслүүр өргөн тархсан байдаг. Газар зохион байгуулалтын хайгуул зураг төслийн институтээс 1988 онд явуулсан хөрсний судалгааны дүнгээс үзвэл Өмнөговь аймгийн нийт газрын 24.5% уулын хөрс, 75.5% тал хөндийн хөрс эзэлжээ.
Уулын хөрсний бүтцэд эх чулуулгийн илэрц 0.9% буюу 156.3 га, уулын сулавтар хөгжилтэй цайвар хүрэн хөрс 1.2% буюу 205.7 га, уулын цайвар хүрэн хөрс 0.9% буюу 145 га, уулын цөлөрхөг хээрийн сулавтар хөгжилтэй бор хөрс 2.1% буюу 349.2 га, уулын цөлөрхөг хээрийн бор хөрс 4.4% буюу 733.1 га, уулын цөлөрхөг хээрийн сулавтар хөгжилтэй цайвар бор хөрс 2.9% буюу 483.4, га уулын цөлөрхөг хээрийн цайвар бор хөрс 0.9% буюу 155 га, уулын цөлийн сулавтар хөгжилтэй бор саарал хөрс 5.5% буюу 910.5 га, уулын цөлийн бор саарал хөрс 5% буюу 833.8 га, цөлийн сулавтар хөгжилтэй гөлтгөнжсөн бор саарал хөрс 0.7% буюу113.3 га байна. Энэ байдал нь тус аймгийн уулархаг нутаг нь маш нимгэн тогтворжилт ба үржил шим муутай хөрстэй болохыг харуулж байна.
Уулс болон цав толгодын хоорондох өргөн нарийн хөндийгөөр нь зузаан цайвар хүрэн хөрс 0.2% буюу 27.9 га, нимгэн цайвар хүрэн хөрс 0.6% буюу 100.3 га, цөлөрхөг хээрийн бор хөрс 17.1% буюу 2829.1 га, цөлөрхөг хээрийн сулавтар хөгжилтэй бор хөрс 0.6% буюу 102.3 га, цөлөрхөг хээрийн цайвар бор хөрс 17.3% буюу 2857.2 га, цөлөрхөг хээрийн сулавтар хөгжилтэй цайвар бор хөрс 4.4% буюу 730 га, цөлөрхөг хээрийн нугат бор хөрс 1.9% буюу 314.8 га, цөлөрхөг хээрийн мараалаг хужирлаг бор хөрс 0.3% буюу 50 га, цөлийн бор саарал хөрс 21.7% буюу 3590.4 га, хэт гандуу цөлийн бор саарал хөрс 0.5% буюу 85.8 га, нугын шалархуу хөрс 1.2% буюу 192.2 га, шал хөрс (шаварлаг) 0.2% буюу 28.5 га, эоловын үлээгдмэл хөрс 4.8% буюу 791.9 га, аллювийн нугын хужирлаг мараалаг хөрс 0.1% буюу 11.6 га, нугын хужирт хөрс 0.9% буюу 151.4 га, сайр, гуу жалгын бүрдэл 3.6% буюу 594.2 га, хөрсний дэвсгэр чулуулаг 2.8 га тус тус тархжээ.
Бэлчээрт ашиглагдаж байгаа хөрсний дийлэнхи хэсэг нь цөлийн бор саарал хөрс ба цөлөрхөг хээрийн цайвар бор ба цөлөрхөг хээрийн бор хөрсүүд байгаагаас харахад бэлчээрийг зөв зохистой ашиглах нь хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаалах таатай нөлөө үзүүлэх юм. Тариаланд тохиромжтой бөгөөд урьд нь ашиглагдаж байсан нийт газрын хөрсний ихэнхийг цөлөрхөг хээрийн бор хөрс эзэлж, зузаан цайвар хүрэн ба цөлөрхөг хээрийн сулавтар хөгжилтэй цайвар бор болон цөлөрхөг хээрийн нугат бор хөрс багахан хэмжээний талбайг эзэлж байна. Хэдийгээр хадлангийн зориулалтаар ашиглагдах хөрс ховор ч орон нутгийн боломжинд тулгуурлан гар аргаар усжуулж цөлөрхөг хээрийн нугат бор хөрстэй 96 га, цөлөрхөг хээрийн бор хөрстэй 16 га, нугын хужирт хөрстэй 15 га булаг баян бүрд орчмын газрыг ашиглаж байжээ.
Хөрс нь механик бүрэлдэхүүний хувьд ихээхэн хөнгөн бөгөөд элсэнцэр, элсэрхэг ба элсэн хөрс нийт нутаг дэвсгэрийн элсэнцэр 72.8 хувийг эзэлж үлдсэн хэсэгт нь буюу нам хотсуудаар голдуу шаварлаг 1.5%, хүнд шавранцар 0.3%, дунд шавранцар 1.1%, хөнгөн шавранцар 19.6% буюу 3248.2 га тархжээ.
- Ургамал, ургамлан бүрхэвч
Өмнөговь аймгийн нутаг нь Монгол орны байгалийн үндсэн бүс бүслүүрийн хувьд цөлөрхөг хээр (говь), цөлийн бүсэнд байрладаг. Ургамал газар зүйн мужлалаар олон нуурын хөндийн цөлөрхөг хээр, Дорнод говийн цөлөрхөг хээр, Алашаа говийн цөлийн, Говь−Алтайн уулын цөлөрхөг хээр, Алтайн өвөр говийн (цөлийн) тойрог гэсэн 5 тойрогт хамрагдана. (А.А.Юнатов. 1946, 1950, А.М.Мурзаев. 1952, В.И.Грубов. 1955, Н.Өлзийхутаг. 1989).
Нутгийн ихээхэн хэсэг нь говь, хээржсэн цөлийг илэрхийлж, өндөр уул, говийн жижиг толгод, элсэн манхан, элсэрхэг довцог, өргөн уужим сайр, сул элс ихтэй. Хэдийгээр Алтайн өвөр говийн баян бүрдүүдтэй харьцуулахад жижиг боловч цөөн хэдэн баян бүрдийн шинж агуулсан Хар толгойн худаг, Гурван тэс, Тээгийн худаг, хэд хэдэн “Улаан нуур” нэрт устай газар, хүйтний булаг, Баян гол болон Зулганайн хөндий зэрэг нутгуудад бэлчээрийн ургамалшлын өвөрмөц тогтоц бүхий зэгс, дэрс, сухай, тооройн төгөл бүхий баян бүрд байдаг.
Н.Өлзийхутаг (1989) ботаник газар зүйн судалгааны урьд өмнө хийгдсэн нийт бүтээлийг нэгтгэн дүгнэх замаар манай орны ботаник газар зүйн мужлалыг шинэчлэн үйлдсэн юм.
- Олон нуурын хөндийн цөлөрхөг хээр
Олон нуурын хөндийн цөлөрхөг хээр нь Алтай (Монгол ба Говийн), Хангайн завсрын томоохон газрыг хамардаг. Ус, чийгт газрын биоценоз говийн экосистемд маш чухал байрыг эзлэнэ. Тэнд цөлийн ба цөлийн хээрийн (хээржсэн цөл) бүс дагуу тохиолдох гүйцэд тогтворжоогүй довцог элсэн манхны загт (Haloxylon ammodendron), хөндийн карбонаттай элсэнцэр бор хөрст газрын монгол өвс−тэсэгт, тэсэг−хазаар өвс−монгол өвст (Stipa glareosa, S.gobica, Cleistoines Songorica, Krascheninnikvia ceratoides), хоолой дагаж давсархаг бор хөрстэй, хотсын бударганат (зарим зүйл Kalidium), мараат хөрстэй газрын олон наст бударганат цөлийн (Salsola passerine, Reaumuria Soongurica, Anabasis brevifolia, Allium polyrrhizum, Artemisia pectinata) шинжтэй фитоценоз давамгайлж байдаг.
Өмнөговийн экосистемийн хувьд ус, чийглэг биотоп: уулсын амнаас эх аван урсах гол, горхи, цөлжсөн хээр, говьд ундран гарах намагжсан булаг, түүний задгайран урсах хэсэг, борооноос үүсэх тойром, шанд нуурлаж тогтсон задгай уснаас бүрдэнэ. Түүнээс гадна баруунаас зүүнээ үргэлжилсэн их нуруунуудын өмнөд бэлээс урагш Монгол улсын хил хүрэх өргөн хотгоруудад бага, дунд олон давсархаг нуур, цөөрөм, баян бүрдэрхүү газрууд байдаг нь эзгүй уужим газрын сээртэн амьтанд ихээхэн ач холбогдолтой юм. Энэ нь бүс нутгийн экосистемийн ургамлын гарцын хамгийн их нягтралтай газруудын нэг юм. Ялангуяа эргээрээ зэгс, усны дээд ургамалтай урсгал ус, нуур нь хавар, намрын цагт олон зүйл ус намгийн шувуу дайрч өнгөрөх, түр буух, зун үлдэж, үүрлэж өндөглөх боломж олгоно. Тийм биотопод хоолойн гүний тойром, Баян төхөмийн нуруу, Улаан нуур, Талын толгойн хоолой, түүнээс баруун хойш чигт үргэлжлэх чийглэг, ундрага, булаг шанд бүхий хоолой, их ба бага булаг, Онгийн гол, Баян гол, Нүцгэний гол орно. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар дээрх усан сүлжээг баянбүрдийн үлдэгдэл гэж тооцох явдал бий. (Чимэдрэгзэн, 1998)
- Дорнод говийн цөлөрхөг хээрийн тойрог
Уулсын хормой бэл, элсэрхэг нутгуудтай хил залган, түрж орох маягаар хээржсэн цөлийн биоценоз бүрэлдүүлжээ. Цөлөрхөг хээрийн бүлгэмдэлд уул толгодын бэл, тал нутгийн хөнгөн шавранцар, элсэн бор хөрстэй газрын баглуур−монгол өвст (Stipa glareosa, Anabasis brevifolia, Allium polyrrhizum), Говь Алтайн нурууны уулс хоорондох хотгор ухаа гүвээт тал нутгийн хазаар өвс−монгол өвст хээрийн, хөнгөн шавар, цайвар хүрэн хөрстэй cleistogenes sguarrosa, Artemisia бүхий умрын хувилбар, элсэнцэр бор хөрстэй Stipa gobica, S.Glareosa, Cleistogenes songoria зонхилсон өмнөдийн хувилбар илэрч байдаг. Мөн Говь-алтайн хаяа уулсын хөнгөн шавранцар ба элсэнцэр бор хөрстэй газрын баглуур−таана−монгол өвст (Stipa glareosa, S.gobica, Allium polyrrhizum, Anabasis breifolia) хээр түрж ордог.
Дорнод говийн цөлөрхөг хээрийн биоценозод мал онцгой холбогдолтой. Ялангуяа зэрлэг тууртан, гэрийн малын хооронд бэлчээрийн давхцал өрсөлдөөн хүчтэй явагддаг. Нэгэнт хүний ивээлд байгаа болохоор мал бэлчээрийн аль идэмж сайтай, ус ундаатай хэсгийг эзлэн байрших боловч зэрлэг тууритан амьтад хур тунадас элбэгтэй, бэлчээрийн шүүслэг ургамалтай жилүүдэд алслан нүүдэллэж (гол нь метаболизмын усанд дулдуйдан) бэлчээр тавиун болно. Харин зудтай өвөл, гантай зуны улирал бэлчээрлэгч хөхт амьтдад хүнд, хэцүүгээр нөлөөлдөг тул бэлчээрийн менежментийн асуудалд зэрлэг тууритан амьтдыг заавал тооцон оруулах шаардлагатай. Энэ тойрогт ус онцгой ач холбогдолтой.
- Алашаа говийн цөлийн тойрог
Аймгийн хэмжээнд элсэн толгой, манхан, сул элст хоолой, хотос (говь) элсэн дов толгод бүхий газар элбэг. Өвс ургамалгүй юмуу зарим газрууд нь Psammochloa villosa ургасан довцог, дэл элс хэлбэртэй газрууд их тохиолдоно. Элсэрхэг нутгийн биотоп цөлжсөн хээртэй зах нийлэн өргөн уудам эзгүй нутгийг эзлэн энд тэнд цоохортон оршино. Элсэрхэг нутгууд голцуу уулс хоорондын болоод жижиг нуур, уст хоолой даган байрлах ба тэнд туулахад хэцүү манхан элс, томоохон элсэн толгой, довцог, дов сондуул, үргэлжилсэн сул элс хэлбэрээр тааралдана. Харин монгол орны говь бол дэлхийн хэт хуурайсаг бүсүүдийн нэг бөгөөд Төв Азийн цөлүүдийн мөн элсэрхэг хөрстэй өргөн сайрууд, хэсэгхэн чулуурхаг хээрүүд элсэрхэг биотопод хамрагдана.
Чулуурхаг хээр нь ургамал бүрхэвч багатай, нимгэн хучаас жижиг чулуун бүрхүүл дороо элсэн суурьтай байдаг. Ургамалжилтын хувьд заримдаг сөөгөнцөр (бор бударганат ба баглуурт) бударганат бэлчээр зонхилдог. Загт бэлчээр багавтар тархсан бөгөөд чулуурхаг, үетэн−бударганат бэлчээр өргөн тархжээ. Томоохон хотгоруудын ёроолоор сийрэг таруу заг, бударгана ба хармаг ургасан довцог элстэй. Дэрстэй газрууд бага. Хадлан огт байхгүй. Энэ районд Алтайн цаад говийнхонтой адил баянбүрдүүд байдаггүй юм.
- Говь Алтайн уулын цөлөрхөг хээрийн тойрог
Энэ нь Говийн Алтайн уулсын шилийн салбарласан систем ба тэдгээрийн хоорондох тууш хотгоруудыг багтаана. Говийн уулсын биоценозын бүрдэл нь Тост, Ноён Богд, Сэврэй, Зөөлөн, Гурвансайхан, Баянбор зэрэг уул, нурууд түүний салбар уулсад өндрийн хуваарилалтаар тод илэрнэ.
Хөрс, ургамалжилтын ерөнхий байдлыг авч үзвэл Говь Алтайн уулсын хүрэн хөрстэй чулуусаг хээрийн алаг өвс−ерхөгт (Agropyron erisfutum, Stipa Krylovii, Artemisia frigida, Astragalus laguroides, Potenttilla sericea, Heteropuppus altaicus), хааяа ерхөг−хялганат хээр зонхилно. Түүнээс гадна уулсын бэл хормойгоор цөлийн хээрийн бүсийн нам ба өндөр цав толгод, нам уулс, уулс хоорондын хотгор хийгээд уулсын хормойн сайраар чулуурхаг бор хөрстэй газарт монгол өвс−бударгана, бударгана−монгол өвст хээр (Ajania fruitculosa, Anabasis brevifola, Kochia prostrata, Ptilagrostis pelliotii, Caragana leucophloea, C.Pygmaea, Stipa gobica, S.glareosa) ихээхэн байр суурь эзлэнэ. Толгодын бэлийн шарилж−Монгол өвст хээрээр уулын бэл хормойн цайвар хүрэн хөрстэй газрын Ajania achilleoides, Caragana Leucophloea, Agropyron cristatum, Arenaria capillaries, Kochia prostrata гэх мэт чулуусаг ургамал, хайргархаг цайвар хөрстэй нутагт Stipa govica, Artemisia frigida, A.caespitosa зэрэг ургамал давамгайлна. Мөн ухаа гүвээт нутгийн элсэн ба элсэнцэр бор хөрстэй, харгана−монгол өвст хээр ч бий.
Говь−Алтайн уулын цөлөрхөг хээрийн тойрогт уулын хээр говийн уулсыг даган байх өөрийн өвөрмөц онцлогтой биоценозуудыг бүрдүүлдэг. Яагаад гэвэл тэр нутгийн олонхи уулс эгц цавчим, амууд хавчиг учраас уул хоорондын хээр хэсэгхэн газарт задгайрч, энд тэнд дэвцэг байдлаар илэрнэ. Харин зоо нурууны гадаад хормойгоор тодрох уулын хээр нь элсэрхэг нутгуудтай залгалдан хол ойр харьцангуй алслана. Энэ фитоценоз бол завсрын бүсийн шинжтэй тул говийн уулсын ба хээржсэн цөлийн төрхийг илэрхийлсэн ургамлын бүлгэмдэл, амьтны аймгийн бүрдэлтэй. Уулын хээрийн бүлгэмдэл нь (хуурай хээрсэг) уул хоорондын болон үе үе илрэн гарах дэвцгүүд, гуу жалга, сайраар хэрчигдсэн боловч зун намартаа хэт хуурайсаг болдгоос дөрвөн улирлын ихэнх хугацаанд ургамлан бүрхэвч тачир байдаг. Өвөл хаврын цагаар уулын хээрийн жалга, судаг, хотгор гүдгэрт цас хунгарладаг, оройтож хайлдаг, уулс хооронд салхи багатай, харьцангуй дулаан тул эрт ногоордог. Тиймээс ургамал идэшт амьтад босоо бүслүүрийн дагуу уруудан шилжиж бэлчээрлэх таатай орчныг бүрдүүлдэг билээ.
- Алтайн өвөр говийн тойрог
Нэмэгт, Тост уулаас баруун тийш аймгийн хилийн дээс хүртэлх (Баянхонгор аймагтай) хэсэгхэн газар энэ тойрогт хамрагддаг. Тус тойргийн баруун өмнөд хэсгээрээ Говийн их дархан цаазат газартай (ГИДЦГ), өмнөд хэсэг нь улсын хил хүрдэг.
Элэгдэж намссан, эмх замбараагүй тогтоцтой, бөөн бөөн бэсрэг уулс, тэдгээрийн хооронд өргөн цайдам хөндийгөөр тусгаарлагдсан цав толгод энэ тойргийн онцлог юм. Цав толгодын ургамал нэн ядмаг ихэвчлэн Монгол өвс, багмэгэр зонхилон ургадаг. Толгодын хоорондхи хөндий хоолойг хармагт цөл эзэлдэг. Багавтар шал, нам газраар улаан бударгана, баглуурт цөл тархсан бөгөөд нэлээд уудам талбайг хотирт цөл түгээмэл тархсан байдаг. Тус тойргийн хойд талаар Ингэн хөөврийн говь орших бөгөөд энэ уудам хоолойн эргэн тойрноор гуу жалга, сайр сапарга, эрэг мөргөцгөөр хэрчигдсэн байдаг.
Эхийн зулагнай, Тооройн шанд зэрэг ус булаг, бүрдүүдэд багавтар талбайг эзлэн тооройн төгөл цөөн тооны жигд ургана. Энэ нь эдгээр ургамлын ургаж буй хамгийн зүүн өмнөд нутаг юм. Дээрх булаг шандын зах, зарим том сайрын хажуугаар сухай, заг ургасан элсэн дов сондог элбэгтэй. Уг тойрогт тэсэг, шар мод, алтгана зэрэг сөөг сөөгөнцөр ургамал ургадаг.