Төслийн танилцуулга
Энэхүү “Тэжээлийн тогтвортой менежмент” төслийг Япон улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн Хэрэгжүүлэгч агентлаг нь Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар юм. Төслийн зөвлөх байгууллагаар АХБ-ны Худалдан авах үйл ажиллагааны бодлого, журмын дагуу шалгарч сонгогдсон Монконсалт ХХК ажиллаж байна.
Монгол улсын хөдөө аж ахуйн салбар нь Монгол улсын хөдөөгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур төдийгүй, хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний эхлэл болдог билээ. Хөдөө аж ахуй салбар нь улсын нийт нутаг дэвсгэрийн 73.5%-тай тэнцэх эдэлбэр газар дээр МАА, газар тариалан, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж, сүүлийн 10 жилийн дунджаар Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас, ан агнуурын салбар ДНБ-ний 12.4%-ийг үйлдвэрлэжээ.
Мал аж ахуйн салбар эзлэх жингээрээ хөдөө аж ахуйн салбарт дийлэнхи жинг дардаг бөгөөд малчин өрх, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид энэхүү төслийн томоохон үр шим хүртэгчид гэж үзэж байна. Монгол улс зах зээлийн шилжилтийн эхэнд буюу 1990 онд 74,710 малчин өрх, 147,508 малчин байсан бол нэгдэл, сангийн аж ахуйн малыг хувьчлах явцад тэдгээрийн тоо эрс өсөж, 2000 он гэхэд малчин өрхийн тоо 191,526, малчдын тоо 421,392 болж оргил үедээ хүрсэн байна. Түүнээс хойш аажмаар буурч, 2020 оны эхний байдлаар 171,610 малчин өрх, 285,482 малчид мал аж ахуйн эрхэлж байна.
Мал аж ахуйн салбарыг цаашид тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон болгохын суурь үндэс нь тэжээлийн тогтвортой хангамж, менежментийн асуудал болоод байгаа юм.
Эрхэм зорилго
Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын мал аж ахуйн салбарын тэжээлийн дэд салбарын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид тогтвортой хөгжүүлэх, төлөвлөхөд зөвлөмж өгөхөд чиглэгдэж байгаа болно.
Тэргүүлэх зорилт
- Монгол улсын тэжээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал ялангуяа хэрэгцээ шаардлагыг нарийвчлан судлан үнэлэлт дүгнэлт өгснөөр тэжээл үйлдвэрлэл процесс, хадгалалт, хангамжийн асуудлыг сайжруулах талаар санал боловсруулах;
- Тэжээлийн тогтвортой ашиглалтыг дэмжих үүднээс техникийн шийдлийн саналыг боловсруулж, тэжээлийн чиглэлээр хамтран ажиллагч малчид тариаланч, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж эрхлэгчдэд зориулсан туршлага эзэмшүүлэх, чадавхжуулах;
- Тэжээлийн салбарын хөгжлийн төлөвлөгөө болон менежментийг сайжруулах зорилгоор бодлого хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
- Өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ, газрын гадаргын хэмжилтийг хослуулан боловсруулж, онцгой байдал болон ган зудын нөхцөлд цаг алдалгүй бодлого боловсруулагчдын шийдвэр гаргалтанд дэмжлэг болох платформыг бий болгох.