
Говь-Алтай аймаг
Танилуцуулга:
Тус аймаг нь уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай. Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг.
Говь-Алтайн нутаг дахь уулсууд дөрөвдөгч галавын Альпын атраатлын бүр сүүлээр тогтсон хийгээд тектоник хөдөлгөөний хүч их байсан учраас өндөр болон сүндэрлэжээ. Тийм ч учраас аймгийн нутгийн Хасагт хайрхан зэрэг өндөр уулст одоогоор 600 сая жилийн өмнөх үеийн мөстлөгийн ор мөр бүхий бул чулуунууд илэрсэн нь дэлхийн геологийн шинжлэх ухаанд шинэ нээлт болжээ. Эдгээр уулсын ар өвөр өргөн уудам говь тал, хотгор, хонхорууд оршдог. Тус аймгийн гадаргын хотгор гүдгэрт талархаг хэлбэр голлох бөгөөд өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн уул тогтох хөдөлгөөнд нөлөөлөгдөөгүй дунд төрмөлийн эриний талархаг гадарга хэвээр хадгалагдан үлдсэн аж. Шинэ усны болон Халиун, Бигэр сумын болон Алтай сумын нутаг дахь Хайч уул, Улаан ганга, Ээж хайрхан уул, Бугат сумын нутаг дахь бунгийн гол зэрэг газруудаас папеогенийн гавалын үеийн аварга хирсний аймгийн шим үлдэгдлүүд олдсон байна. Ялангуяа шаргын говиос ногенийн гавалын үеийн миоценийн бүлгийн амьтан болох шувуу, эх газрын дун, хясаа, эртний заан болон плиоценийн бүлгийн амьтан болох эртний адууны аймгийн зэрэг шим үлдэгдлүүд нэг газраас цогцолбор байдлаар олдсон нь палеонтологийн шинжлэх ухаанд онцгой сонирхол татах аж. Мөн Халиун, Бигэр сумын нутгаас неогенийн гавалын миоценийн үеийн эртний зааны болон адууны аймгийн шим үлдэгдлүүд олдсоныг дурдууштай.
Монголын нэрт газарзүйн академич С.Цэгмэд Говь-Алтай аймгийн гадаргын хэв шинжийг “нутгийн өмнөд ба хойт талаар бэсрэг уулын хэв шинжтэй бөгөөд нутгийн хойд хэсгээр Алтайн ар говийн цав толгод, нутгийн дунд хэсгээр Монгол ба Говь-Алтайн уулт тогтолцоо, нутгийн өмнөд хэсгээр Алтайн өвөр говийн цав толгод” гэсэн мужууд байна хэмээн тодорхойлсон байна.
Томоохон говь, хотгор хонхоруудын гадаргын үнэмлэхүй өндөр 743-1100 орчим метр, өөрөөр хэлбэл далайн түвшингээс дээш дунджаар 1000 гаруй метр өргөгдсөн Хүйс, Шарга, Захуй, Зарман, Отгоны, Шаралдайн, Номин, Загт сайрын, Хар сайрын, Зүүн гарын, Талын, Нарансэвстэйн, Төхөм, Цагаан дэрс, Шалын, Улаан шалын хоолой, Хонин ус, Бигэр, Халиун зэрэг Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог. Эдгээрээс хамгийн нам өндөрлөгтэй нь Цэнхэр номингийн говь /583 м/ юм.
Алтай нутагт Монгол алтайн гол нурууны үргэлжлэл болох Мянган угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрханы уулс, Их хүрэн, Баян-Өндөр уул, Хар азаргын нуруу, Бурхан буудай уул, Гичгэний нуруу зэрэг үзэсгэлэнт сайхан уулс, Тонхил, Бугат, Төгрөг, Халиун, Цээл, Цогт, Бигэр, Эрдэнэ, Дэлгэр сумдын нутгаар дамнан сүрдэрлэнэ. Энэ гол нуруунаас зүүн урагш Монгол Алтайн нурууны урд талын томоохон салбар Аж богдын нуруу Бугат, Алтай сумын нутгийн дундуур цэнхэртэн харагдана. Монгол Алтайн нурууны хойд талын хоёр дахь салбар Төрийн тахилгат Сутай хайрхан Тонхил сумын нутагт чухамхүү хоёр аймгийн дөрвөн сумын нутгаас сүндэрлэнхэн гялалзана. Эндээс зүүн тийш Шаргын говийн зүүн хойд талаар Монгол Алтайн гол нурууны дөрөвдэх салбар болох Хасагт хайрхан, Хан тайшир, Сэрхийн нурууд, Баян-Уул, Шарга, Тайшир, Бигэр, Дэлгэр сумын нутгаар баруун хойноос зүүн урагш чиглэн сүндэрлэнэ. Монгол Алтайн нурууны өврийн нэгэн салбар болох Таянгийн нуруу үзэсгэлэнт Ээж хайрхан уулаар дамжих ба түүнээс зүүн урагш Цогт, Эрдэнэ сумын нутгаар дайрсан Идрэнгийн нуруу багагүй урт үргэлжилнэ. Идрэнгийн нуруунаас бүр урагшаа Атас богд, Ингэс, Ботгос уул Алтайн євєр говийн цаадах зэрэглээн дунд сүүмэлзэнэ.
Аймгийн хамгийн єндєр мєнх цаст Сутай хайрхан уул далайн тєвшнєєс дээш /д,т,д/ 4090 метр єндєр бєгєєд їїнээс гадна Аж богд /3802 м/, Бурхан буудай /3765м /, Алаг хайрхан /3738 м/, Хасагт хайрхан /3578м /, Бүс хайрхан /3393 м/ , Буга хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт єндєр уулс оршино.
Уур амьсгал:
Тус аймагт өндөр уулын, хуурай хээрийн, цөлөрхөг говь хээрийн уур амьсгал зонхилно. Бас чийглэгдүү хүйтэн тагийн болон дулаан говь цөлийн уур амьсгал хагас цөл нутаг хийгээд өндөр уулын оройн хэсэгт бүрэлджээ.
Өндөр уулсын хуурайдуу хүйтэвтэр уур амьсгал нь аймаг дахь Монгол Алтайн гол нуруу тухайлбал мянган Угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрхан, Хар азаргын нуруу, бурхан буудай уул зэргийн ян сарьдаг, тагаас дооших ар, өвөр хажуу, бэлийн 2000-2800 м-ийн өндөрт бүрэлджээ. Түүнчлэн аймгийн нутаг дахь Монгол Алтайн нурууны хойд салбар Сутай хайрхан, Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Хантайширын нуруу болон өмнөд салбар Бурхан буудай уулын тэрхүү хэсэгт өндөр уулын уур амьсгал төлөвшжээ. Эдгээр өндөр уулсын хуурайдуу уур амьсгалын мужийн 7 дугаар сарын ижил утгын шугам +20 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм бөгөөд дээрх нутагт жилөдээ нийлбэр дүнгээр 80-135 мм орчим хур тунадас унана. Харин дурдан буй уулс, нуруудын 2800 м ба түүнээс дээш өндөр чийглэгдүү хүйтэн тагийн уур амьсгалын муж бүрэлджээ. Энд 7 дугаар сарын ижил утгын шугам +16 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шгум -24 хэм орчим бөгөөд жилд нийтдээ 135 мм-энэс дээш хур тунадас унадаг учир аймагтаа хамгийн чийглэг нутгууд нь юм.
Хуурай сэрүүн уулын хээрийн уур амьсгалын муж аймгийн нутгийн 1600-2000 м өндөрт орших тодруулбал, Алтайн өмнөд говийн ууландаа ойрхон бэл, хонхор, хотгор, цав толгод мөн Дарви, Хасагт хайрхан, Хантайшир, Сэрхийн уулсын хормой, бэлийн буурц хотгоруудаар /Гүзээн тээлийн буурц, Цагаан олом, гуулингийн тал, тахийн тал гэх мэт/ болон Идрэнгийн нуруу, Атас богд орчмоор бүрэлдэн тогтжээ. Уур амьсгалын энэ мужид 7 дугаар сарын ижил утгын шугам +24 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм орчим ба жилийн нийлбэр дүнгээр 48-80 гаруй мм тунадас унана.
Дулаавтар цөлөрхөг хээрийн уур амьсгалын муж Шарга, Хүйсийн говь, Монгол элсний орчим нутаг болон Бигэр, Халиун, Шалын хоолой, Алаг нуурын говь, Захуй, зармангийн говь, аймгийн хамгийн өмнөд нутаг хатан суудлын тал зэрэг нутгаар зонхилох бөгөөд энд 7 дугаар сарын ижил утгын Шугам+24 хэм илүү, 1 дүгээр сарын ижил утгын шугам -16 хэмээс доош байх ба жилийн нийлбэр дүнгээр 48мм орчим тунадас унана.
Аймгийн өмнөд болон баруун өмнөд хилийн багахан хэсэг нутаг тодруулбал, Алтайн өвөр говь бүхэлдээ, тэрчлэн Шаргын говийн төв хонхор, Захуйн говийн төв хонхорт дулаан говь цөлийн уур амьсгал бүрэлдсэн ба энд жилийн нийлбэр дүнгээр 48 мм-ээс бага хур тунадас унадаг, 7 дугаар сарын ижил утгын шугамаар авч үзвэл, аймагтаа хамгийн халуун /+30хэмээс дээш/ болдог газрууд юм.
Дээр дурдсанаас дүгнэн хэлбэл Говь-Алтай аймагт хуурай, сэрүүвтэр болон гандуу дулаан зун хийгээд хахир, хахирдуу өвөл болдог байна.
Бэлчээр хөрс:
Байгалийн бэлчээр нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 72.4%, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 99.27%-ийг тус тус эзэлж байгаа ба нийт ажиллагчдын 34.6 хувь нь ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16.3%, экспортын 10%-ийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн тэжээлийн үндсэн эх үүсвэр нь байгалийн бэлчээр байсаар байна.
Говь-Алтай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 73.5%-ийг бэлчээр (2010 оны байдлаар) эзлэх ба үүний 34.3%-ийг дундаж болон нам, бэсрэг уулын бэлчээр, 21.1%-ийг цөлийн бэлчээр, 18.2%-ийг цөлөрхөг хээрийн бэлчээр, 9.2%-ийг өндөр уулын бэлчээр, 6.1%-ийг хээрийн бэлчээр, 5.6%-ийг голын хөндий, нам, хотос нугын бэлчээр, 0.3%-ийг өндөр уул хоорондын нугын бэлчээр тус тус эзлэх ба 5.2% нь бэлчээрт тохиромжгүй газар эзэлж байна.
Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн ургац, тэжээлийн шимт чанар буурах, ургацад малын тэжээлийн ургамлын эзлэх хувь багасах, бэлчээрийн газарт хортон шавьж, мэрэгчид тархах, зам болон уул уурхайн үйл ажиллагаанд өртөх, хог хаягдлаар бохирдох зэргээр бэлчээр доройтолд нэрвэгдэх нь улам бүр нэмэгдэж байна. Бэлчээрийн төлөв байдал, чанарын улсын хянан баталгаагаар (2010) Говь-Алтай аймгийн нийт бэлчээрийн 14.4% буюу 1556127.4 га бэлчээр дунд зэрэг, 0.82% буюу 88385.6 га нь хүчтэй доройтсоны дээр 40016 га бэлчээр автогений нөлөөнд, 62843 га нь техногений нөлөөнд тус тус өртөж, 297719.1 га бэлчээрт хортон мэрэгчид тархаж, 230 га бэлчээр ахуйн хог хаягдалд бохирдсон байна. Бэлчээрийн доройтлын хэмжээг сумдаар авч үзвэл, Халиун, Цээл, Алтай, Бугат, Жаргалан сумдын нийт бэлчээрийн 10 хүртэл хувь нь дунд зэрэг доройтсон байгаа бол Есөнбулаг, Тайшир, Төгрөг, Чандмань сумын нийт бэлчээрийн 20 хүртэл хувь, Тонхил, Цогт, Дэлгэр, Дарви, Хөхморьт, Шарга, Эрдэнэ сумын бэлчээрийн 20-25%, Баян-Уул, Бигэр сумын нийт бэлчээрийн 40-50% нь тус тус дунд болон хүчтэй доройтсон байна.
Ийнхүү бэлчээр доройтож байгаагийн нэг шалтгаан нь бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт болон шинжлэх ухааны үндэслэлтэй менежментийн аль аль нь алдагдаж, зөвхөн малын тооны өсөлт, малын ашиг шимийн нэмэгдлийг эн тэргүүнд тавьсны улмаас бэлчээрийн даац хэтэрсэн, сүргийн бүтэц алдагдсан, бэлчээрийн усан хангамж эрс муудсаны зэрэгцээгээр дэд бүтцийн хөгжлийн түвшин зэргээс улбаалан төв, суурин газар, уст цэгийн орчим болон зам дагуу хүн, мал ихээр төвлөрсөн, бэлчээрийг зохистой ашиглах арга туршлагатай хүмүүс ховордсон, бэлчээрийн менежментийн талаархи мэргэжилтэн, малчдын мэдлэг чадавхи сул, орон нутгаас бэлчээрийн ургамалжил, түүний төлөв байдал, ашиглалтанд тулгуурлан зохистой ашиглах, сайжруулах, хамгаалах ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж, зохицуулах, малчдыг бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхэд татан оролцуулах ажил хангалттай хийгдэхгүй, төрийн бодлого зохицуулалт сул, хөрөнгө санхүүжилт хүрэлцээгүй зэрэгтэй шууд холбоотой.
Бэлчээрийг доройтохоос урьдчилан сэргийлэх, зохистой ашиглах, сайжруулахын тулд бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох асуудал “Монгол мал” үндэсний хөтөлбөр(2010), Монгол улсын баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр (2006-2015), Говь-Алтай аймгийн хөгжлийн хөтөлбөр (2007-2015) зэрэг бодлогын баримт бичигт тусгалаа олсон боловч тэдгээрийн хэрэгжилт бэлчээрийн экосистемд тулгараад буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул Дэлхийн байгаль хамгаалах сан, Mercy corрs ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймгийн хэмжээнд “БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР /2012-2023 он/” –ийг боловсруулж аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2011 оны 10/10 дугаарын тогтоолоор батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүхбаатар аймаг
- Газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг, 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байсан.
Сүхбаатар аймаг нь Монгол орны зүүн өмнөд хэсэгт байрладаг. Нутгийн урд талаараа БНХАУ-тай 476,7 км, баруун өмнөд талаараа Дорноговь аймагтай 160,4 км, баруун хойд талаараа Хэнтий аймагтай 267,4 км% зүүн хойд талаараа Дорнод аймагтай 419,3 км тус тус хиллэн оршино. Сүхбаатар аймаг нь ГНС-ийн тайланд туссанаар 8228715.628 га газар нутгийг эзлэдэг. Тус аймаг 1942 онд Жавхлант шарга нэртэй байгуулагдаж, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1943 оны 4-р сарын 20-ны өдрийн зарлигаар Сүхбаатар аймаг гэж нэрлэх болсон байна.
Нутгийн хойд захын цэг нь Батхаан уул, урд захын цэг нь Баянхошуу буюу хилийн 405-р багана, баруун захын цэг нь хилийн 467-р багана зэрэг газруудад байрлана. Нутгийн хойд захын цэгээс урд захын цэг хүртлэх зай 349.1 км, баруун захын цэгээс зүүн захын цэг хүртлэх зай 413.7 км. Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сум нь Улаанбаатар хотоос 560 км, Баруун-Урт хотоос хамгийн алслагдсан сум нь Эрдэнэцагаан сум 216 км, хамгийн ойр сум нь Асгат сум бөгөөд аймгийн төвөөс 48 км зайтай оршино.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 13 сум, 67 багтай, 2020 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн ам 64,2 мянга болж өмнөх оноос 1294 иргэнээр буюу 2 хувиар өссөн. 2020 оны малын тооллогоор 3,893,6 сая толгой мал тоологдноос нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийн жинг авч үзвэл тэмээ 0.3, адуу 9.1, үхэр 6.9, хонь 50.9, ямаа 32.9 хувийг тус тус эзэлж байна.
- Газрын нэгдмэл сангийн ангилал:
Сүхбаатар аймаг нь 2019 оны жилийн эцсийн ГНС-ын тайлангаар 8228715.628 га газар нутагтай байна. Үүнээс: ХААН газар- 7003615.956 га
Бэлчээр- 6925320.893 га
Хот тосгон, бусад суурингийн газар- 21184.23 га
Зам шугам сүлжээний газар- 15357.3421 га
Ойн сан бүхий газар- 81.746 га
Усан сан бүхий газар- 15487.3322 га
Улсын тусгай хэрэгцээний газар- 1172989.022 га байна
- Бэлчээр ашиглалт:
Хонин толгойд шилжүүлсэнээр 100 га бэлчээрийн талбайд ногдох малын тоо 104 хонин толгой ноогдож байна.
- Бэлчээрийн усан хангамж:
Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад булаг шанд, гол горхи байдаг. Хавиргын булаг, Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир, өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.
2020 оны жилийн эцэст аймгийн хэмжээнд нийт 2955 худаг тоологдсоноос гүн өрмийн 712 ширхэг, богино яндант 171 ширхэг, энгийн уурхайн 1744 худаг байна. Үүнээс төв суурин газар 92, хөдөөд 2653 худаг ашиглагдаж байгаагийн 60 орчим хувийг энгийн уурхайн худаг эзэлж аймгийн хэмжээнд бэлчээр усжуулалт 50 хүрэхгүй хувьтай байна.
- Сүхбаатар аймгийн бэлчээрийн зонхилох төрлүүд
- Хөнгөн шавранцар хөрстэй уулыэн бэл хөндийн том хялгана-түнгэ-алаг өвст бэлчээр
- Чулуурхаг хөрстэй Уулын энгэр болон хажуугийн Крыловын хялгана-үетэн -алаг өвст бэлчээр
- Хөнгөн шавранцар хөрстэй уулын бэл хөндийн Крыловын хялгана- хазаар өвст
- Зузаан элсэн хөрстэй тэгшивтэр тал хөндийн Харгана- үетэнт бэлчээр
- Хөрсний гүний ус ойрхон Дэрст цайдам
- Чулуурхаг хөрстэй Уулын энгэр болон жижиг нам уулсын орой,тэгш өндөрлөг газрын шивээт хялгана-өдлөг хялгана-үетэнт бэлчээр
- Хайрган хучлага бүхий хөнгөн шавранцар хөрстэй уулын бэл хөндийн шивээт хялгана- өдлөг хялгана-хазаар өвст бэлчээр
- Хөрсний гүний ус ойрхон дэрст/ зэгст цайдам
Аймгийн бэлчээрийн төлөв байдал, мян.га-аар
Физик газарзүйн онцлог:
Газрын гадарга:
Сүхбаатар аймгийн газрын гадаргын нөхцөл байдлыг тодорхойлохын тулд физик газарзүйн мужлалд тулгуурлах нь зүйтэй юм. Ш.Цэгмидийн 1969 оны их муж, муж, тойрог гэсэн 3 шатлалтай физик газарзүйн мужлалаар тус аймаг нь:
I. Монголын Дорнод талын их муж- Ухаа гүвээт Халхын дундад тал
- Дорнод хотгор
- Дарьгангын талархаг газар
II. Говийн их муж - Дорнод говийн муж
А.Умарт говийн ухаа гүвээт тал
Б. Дорноговийн хотгор
В.Замын -Үүдийн талархаг газар зэрэг мужуудад хамрагдана.
Уур амьсгал:
Сүхбаатар аймгийн нутаг дэсвгэрийн уур амьсгал бүрэлдэн тогтоход нөлөөлөх хүчин зүйлсийн дотроос газарзүйн байрлал ба газрын гадарга, нарнаас ирж буй цацраг илч, агаарын орчил хөдөлгөөн зэрэг бие биетэйгээ нягт холбоотой хүчин зүйл голчлон нөлөөлнө.
Тус аймаг нь Монгол орны нэгэн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай боловч нутгийн ихэнхийг үнэмлэхүй өндрийн хувьд арай нам талархаг газар эзэлдэгийн улмаас ерөнхийдөө дулаан уур амьсгалтай, хур чийг багатай байна.
Зүүн өмнөд хэсэгт БНХАУ болон Монгол Улсын нутаг дэвсгэрт үргэлжлэн орших Хянганы уулсын систем нь газар зүйн барьерийн үүрэг гүйцэтгэх учир хур тунадас, чийглэг агаар саатан сарниж тус аймгийн нутгийг хуурай, хуурайдуу, гандуу хээрийн шинжтэй болгодог. Харин их Хянганы салбар уулс, Эрдэнэцагаан сумын орчим зэрэг зүүн ба зүүн өмнөд захаар муссон салхины үйлчилгээ нэмэгдэхүйц байдаг байна.Байгалийн бүс,бүслүүр:
Сүхбаатар аймагт Монгол орны байгалийн бүс бүслүүрийн хуурай хээр, цөлөрхөг хээр гэсэн 2 байгалийн бүс бүслүүр дамнан оршдог.
Хүснэгт 1.Сүхбаатар аймгийн байгалийн бүс, бүслүүр
Агаарын температур:
Хүйтэний улирлын агаарын дундаж температур /2,1 /хэмээс /-21,3/ 0 градус хүйтэн байдаг ба Баруун урт сум орчмоор 1,2-р саруудад агаарт хамгийн / миниум / хүйтэн нь / -25,9/ – /-32,5 / градус орчим хүрч хүйтэрдэг . Мөн энэ саруудад хөрсөн дээр миниум нь /-38 /- /-43/ градус орчим хүрдэг байна. Дулааны улирлын агаарын дундаж температур 4.9-21,80 градус орчим дулаан байдаг бөгөөд 6,7-р сард агаарын хамгийн макс утга нь 31,8-37,90 градус, хөрсний макс 55-630 градус хүрч халдаг тул агаар хөрсний температурын хэлбэлзэл их байдаг байна. Хоногийн агаарын дундаж температур -50 дайрч хүйтрэхээс эхлээд -50 дайрч дулаарах үеийг өвлийн улиралд тооцдог.Баруун-урт сумын нутгаар 11-р сарын 1-5-ны орчимд -50 дайрч хүйтрэн өвөл эхэлж , 3-р сарын 20-23 хооронд -50 дайрч дулааран хавар болдог буюу 142-147 хоног буюу 4 сар гаруй өвөл үргэлжилдэг .Иймээс жилийн дундаж агаарын температур нь 1,1-1,80 градус байгаа нь жилийн турш эерэг утагтай температур давамгайлж байгааг харуулж байна.Бэлчээрийн ургамлын ургах боломжтой хугацаа нь баруун –урт суманд 172-176 хоног буюу хүйтрэлгүй үе ургамал ургах хугацааны 50 градусаас дээших идэвхтэй темтературын нийлбэр 2000-2200 0 градус байна.
Баруун-урт сумын нутаг нь хуурай дулаавтар уур амьсгалтай бүсэд багтдаг. Хуурай хөрснөөс агаарт уурших чийг бага учраас жилийн дулаан улирлын дундаж харьцангуй чийгшил 45-65% байдаг. Тус сумын нутагт олон жилийн дунджаар 200,6 мм тунадас орох боловч гантай жил 101,5-111,5мм болж эрс багасдаг байна. Хүйтэний улирал болох 1-3,10-12-р саруудад хамгийн бага тунадас дунджаар 1,5-10,5мм ,дулааны улирал болох 4-09 саруудад дунджаар 4,9-56,7мм тунадас ордог байна.
Баруун урт хот орчмын салхины дундаж хурд 2,7-4,6м/с байдаг .Салхины горимын явцаас хархад хавар , намартаа салхины хурд ихсэж,зун өвөлдөө буурдаг зүй тогтолтой байна. Салхины зонхилох хурд Баруун хойноос 37,1%, Баруунаас 17,8% Зүүн хойноос14,5%-тай ихэвчлэн салхилдаг. Цаг агаарын онц аюултай үзэгдэл болох 40м/с дээш хүчтэй салхи хавар 4,5-р сард ажиглагддаг боловч нийт хүчтэй салхины 2%-г эзэлдэг . Харин 3,4-р сард 16м/с дээш хүчтэй салхи 15-23 орчим өдөр ажиглагддаг нь тус сумын нутаг салхи шуурга ихтэй бүс нутагт хамрагддаг байна.Ургамлын бүтэц:
Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баянбүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.Газар тариалан:
2020 онд үр тариа 2.0 мян.га-д, төмс 68.9 га-д, хүнсний ногоо 46.3 га-д, тэжээлийн ургамал 0.5 мян.га-д, техникийн ургамал 3.4 мян га-д тариалж, 2,2 мянган тн үр тариа, 569.8 тн төмс, 320.3 тн хүнсний ногоо, 1,0 тн техникийн ургамал, 1.9 мянган тн тэжээлийн ургамал хурааж авсан.
Оны эцэст өвс, хадлан 15,4 мянган тн, хужир шүү 8,6 мянган тн, гар тэжээл 360,4 тн тус тус бэлтгэсэн.
Сүхбаатар аймгийн хэмжээнд Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан, Эрдэнэцагаан сумдад тариалалт хийж байна.
Тус аймагт улаан буудай, овъёос, рабус, тус тус тариалж байна. Эдгээр сумдад Номин богд, Хос далбаа, Дорнод шим Агро, Түмэн ургац, Хэрлэн алтай зэрэг компаниуд тариалалтын ажил хийж байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд тэжээл үйлдвэр байхгүй Дорнод аймгаас хивэг, хорголжин тэжээлээ нөөцөлдөг.

Хэнтий аймаг
- Газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал
Эзэн богд Чингис хааны өлгий нутаг – Хан хэнтий аймаг Богд хаант Монгол улсын ууган 4 аймгийн нэг бөгөөд эдийн засгийн Дорнод бүсэд хамаарагдсан Хэнтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэлж , Хэрлэн Онон голуудын сав нутагт оршин,Дорнод,Сүхбаатар,Дорноговь,Говьсүмбэр,Төв,Сэлэнгэ аймаг ОХУ-тай хил залгана.
Хэнтий аймаг – Хэнтийн нурууны зүүн захын дундаж өндөр салбар уулс,Онон-Балж,Хэрлэн голын сав ухаат талархаг нутгийг эзэлсэн 83 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай.Аймгийн нутгийн баруун хойд талаар далайн түвшинээс дээш 2451м хүртэл өргөгдсөн Бага Хэнтийн уул,Дэлгэрхаан уул / 2110м /, орших бөгөөд аймгийн нутгийн төв хэсгээр Баянхутаг уул / 1580м /, зүүн талд нь Эрээн даваа / 1433м /, тус тус байрлах ба хойноосоо урагшлах тусам улам намсан талархаг нутагт шилжинэ.
Хэнтий аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө ау ахуй, түүний дотор мал ау ахуй голлоно.Мөн уул уурхайн олзворлох салбар,барилга болон жижиг дунд үйлдвэр эрчимтэй хөгжиж байна.
- Уур амьсгалын нөхцөл, мужлал
Аймгийн уур амьсгалын ерөнхий мужлалыг үйлдэхдээ ургамал ургах үеийн чийг дулааны үзүүлэлтийг үндэс болгон нутгийн хотгор гүдгэр болон байгалийн бусад онцлогийг харгалзан үзэж тус аймгийн нутаг дэвсгэрийг 3 муж болгон хуваасан болно.

- Чийглэг нэн сэрүүн муж
Энэ муж нь жилд 350мм-с их хур тунадастай, аймгийн нутгийн хойд хэсэг буюу Батширээт, Дадал сумын нутаг, Биндэр, Баян-Адрага, Норовлин сумын хойд тал баруун хойд хэсэг буюу Өмнөдэлгэр,Цэнхэрмандал сумын хойд тал хамаарагдана.Чийглэгдүү нэн сэрүүн муж нь мөнх цэвдэгтэй,монгол орны усны хагалбар газарт хамаарагдана.Хөрсний хувьд уулын нугын ба хүлэрт хөрс,ойн саарал хөрс зонхилно.
- Чийглэгдүү сэрүүн муж
Энэ мужид аймгийн нутгийн төв хэсэг буюу ихэнх нутаг хамаарагдана. Хур тунадас чийгшлийн хувьд 1-р мужаас арай татруу жилд 200-300 мм хур тунадастай байдаг байна.Хөрсний хувьд Хар хүрэн,хүрэн ба бараан хөрстэй.
- Хуурайвтар сэрүүн муж
Энэ мужид Дархан,Галшар сумын нутаг,Дэлгэрхаан,Баянмөнх,Баянхутаг сумын өмнөд хэсэг орно.Тунадасны аувьд 200 мм-с бага тунадас ордог дулаавтар өвөл,дулаан зунтай муж юм.
- Агаарын температур
Тухайн орон нутгийн дулаан хүйтний горим нь нарны цацраг,агаарын орчил урсгалын горим, болон газрын гадаргын хотгор гүдгэрийн байдлаар тодорхойлогдоно.Хэнтий аймгийн нутаг нь уул нуруу,тал хөндий хосолсон газарын гадаргын хувьд харилцан адилгүй тул дулаан хүйтний хэлбэлзэл ихтэй байдаг.Аймгийн жилийн дундаж агаарын температур нь +2°С…. -2° С –ийн хооронд тэгш хэмтэй хэлбэлзэнэ.
Жилийн хамгийн хүйтэн 1 дүгээр сард агаарын дундаж температур -18…-24°С хүйтэн байх боловч газарын гадарга өндөр намаас хамааран газар бүрд харилцан адилгүй байна. Жилийн хамгийн дулаан 7 сард аймгийн нутгийн зүүн өмнөд хэсэг болох Галшар сумын нутгаар +20°С-аас дулаан байдаг бол нутгийн баруун хойд хэсгээр +15°С-с сэрүүн байдаг байна.Ийнхүү зуны улиралд агаарын температур газар өндөрсөх тутам буурах хандлага илэрхий харагддаг.

- Агаарын харьцангуй чийгшил
Харьцангуй чийгшил нь агаарт байгаа усны уур ханах хүртэлх чийгшлийн хэмжээг %-иар илэрхийлсэн тоо юм. Харьцангуй чийгшил нь агаарын чийгшлийн үзүүлэлтүүдээс хамгийн хувьсамтгай үзүүлэлтийн нэг юм. Хэнтий аймгийн нутагт жилийн дундаж харьцангуй чийгшил 47-62% байх бөгөөд нутгийн хойд уулархаг хэсгээр тал хээрийн нутгийг бодвол арай их байна.Харьцангуй чийгийн жилийн явцад 2 удаа их,2 удаа бага утга ажиглагдана. Өвлийн улиралд агаарын чийг агуулах чадвар мууддаг учраас Харьцангуй чийгийн үндсэн их утга ажиглагдана. Энэ үед нутгийн төв хэсэг буюу Хэрлэн голын сав дагуух нутаг Өндөрхаан,Баян-овоо орчмоор 73-75%, бусад нутгаар 61-70% байх ба хоёрдох их утга 7-8 сард нутгийн хойд хэсгээр 67-70%,төв хэсгээр 60-64% байдаг бол нутгийн өмнөд хэсгээр 49-54% байдаг.Харин Харьцангуй чийгийн жилийн хамгийн бага утга хавар тохиолддог.

- Салхины горим
Их даралттай газраас бага даралттай газар руу чиглэж буй агаарын урсгалыг салхи гэнэ. Агаарын даралтын зөрүү нь салхи үүсгэх шалтгаан болдог. Салхины горим нь агаар мандлын орчил урсгал,тухайн орон нутгийн уул зүйн онцлогоос шалтгаална. Манай орны физик газар зүйн байршил, түүний хотгор гүдгэрийн жигд бишээс салхины горим тун өвөрмөц онцлогтой,нутгийн салхины шинж төлөвтэй. Түүнчлэн жилийн дулаан хүйтэн улиралд агаарын даралтын тогтоц эсрэгээр солигддог нь салхины горимд онцлог нөлөө үзүүлнэ.Салхины дундаж хурдны их утга аль ч бүс нутагт хавар 4-5 сард тохиолдох бөгөөд нутгийн хойд уулархаг хэсгээр 2,8-4,0м/с,бусад нутгаар 4,5-6,0 м/с байдаг.
Газрын гадаргын хэлбэр байдлын нөлөөний дор ихэнх тохиолдолд газрын гадарга орчмын салхи хөндий дагуу салхилдаг.Аймгийн нутагт баруун өмнөөс баруун хойд зовхисын салхи зонхилох боловч цаг уурын өртөө харуулын орчны хотгор гүдгэрийн байдлаас болж газар бүр өөр өөр байдаг.

Манай орны салхины горимын нэг онцлог бол салхигүй байх тохиолдол цөөнгүй байдаг явдал юм. Ялангуяа уулс хоорондох хонхор,хотгор,хөндий газар өвлийн улиралд салхигүй үе олон тохиолддог.

Орхон аймаг
- Орхон аймгийн байгаль цаг уурын онцлог, бэлчээрийн даац
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ.
Орхон аймаг 101.9 мянган хүн амтай, Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай, 25 багтай. Тус аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ, Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшинээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84.4 мянган га газар нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 50.2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25.1 мянган га нь хот, суурин газар, 24.7 мянган га нь ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр, 1400 га нь хадлангийн талбай юм. Эрс тэс уур амьсгалтай. Уулын ойт хээрийн бүсэд хамрагддаг. Өвөлдөө -30 хэм хүйтэрч, зундаа +32 хэм хүртэл халдаг. Жилийн дундаж хэм нь +8, хур тундасны нийлбэр жилдээ 371.8 мм, дөрөв, тавдугаар саруудад хамгийн их салхитай, нэгдүгээр сард хамгийн их хүйтэн, долдугаар сард хамгийн их халуун байдаг. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 136988 толгой мал тоолуулсан. Үүнээс: тэмээ-57, адуу-12812, үхэр-20335, хонь-51249, ямаа-52535 байна.
Тус аймаг нь нутаг дэвсгэр багатай, бэлчээрийн багтааамж хүрэлцээгүйгээс малчид хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хангал, Орхон, Бүрэгхангай сумдын нутагт малаа маллаж өвөлжиж, хаварждаг.
2019 онд Орхон аймгийн ХХААГ-ын захиалгаар Жаргалант сумын бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг “Хөгнө Мээж” ХХК-аар тодорхойлуулсан. Судалгаа явуулсан нутагт нутагт уулархаг гадаргуугаар уулын хүрэн хөрс, уулын хар хүрэн хөрс зонхилж бага хэмжээгээр уулын нугын бүдүүн ялзмагт хар шороон хөрс, уулын ойн ширэгт бараан хөрс тархсан, хөрсний химийн шинжилгээгээр бэлчээрийн хөрсний урвалын орчин /ph/ 61.1%-д сул хүчиллэг, 38.8%-д сул шүлтлэг байна.
Энэ төлөв байдлын дүгнэлтээр:
- Тус сумын нутагт үетэн-улалж алаг өвст, үетэн-улалжит, алаг өвс-улалж-агьт, үетэн-улалж-адамсын шарилжит, алаг өвс-улалж-хиагт, хиаг-улалж-дэрст зэрэг бүлгэмдлүүд зонхилон тархсан байна.
- Бүлгэмдлийн нэгж талбайд дунджаар хамгийн олон нь 14-24, хамгийн цөөн нь 2-9 дунджаар 10 зүйл ургамал бүртгэгдсэн нь бэлчээрийн нэгж талбай дахь ургамлын төрөл зүйл цөөрсөн.
- улалжийн арви ихэссэн байгаа нь бэлчээр их ашиглагдаж байна.
- Бэлчээрийн даац 3.4 дахин хэтэрсэн гэсэн үзүүлэлт гарсан.
2021 оны зуншлагын байдал /8-р сарын 10-ны байдлаар/:
Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2021 оны 08-р сарын 10-ны байдлын мэдээллээр агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал 6,7,8-р саруудад дундажийн орчим дулаан, 6,7-р саруудад Баян-Өндөр суманд 227.5 мм, Жаргалант суманд 259.7 мм хур тундас орсон. 6-8-р саруудад орсон тундасыг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар 6-р сард дундажаас ахиу, 7-р сард дундажийн орчим тундас орсон байна.Бэлчээрийн ургамлын ургалт 7-р сарын 31-ны байдлаар Орхон аймгийн нутгаар сайн үнэлгээтэй, ургамлын дундаж өндөр 15-28 см, бэлчээрийн ургац 8.6-9.5 ц/га байна. 5,6-р сард нийт нутгаар хур тундас олон жилийн дундажаас ахиу орсон нь бэлчээрийн ургамлын ургалтанд сайнаар нөлөөлж, гандалтын аль нэг шинж тэмдэг илрээгүй, бүх төрлийн мал тарга тэвээрэг авах бололцоотой байна.Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “Ган зудын байдалд үнэлгээ хийх журам”-ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 6,7 дугаар сард нийт нутгаар хэвийн зуншлагатай, зуншлага сайхан байна.

Өмнөговь аймаг
- Газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал
Өмнөговь аймаг нь манай орны өмнөд хэсэг хэсэгт оршдог бөгөөд аймгийн төв нь Даланзадгад хот юм. Тус аймаг нь хойд талаараа Өвөрхангай аймагтай 245 км, Дундговь аймагтай 391 км, зүүн талаараа Дорноговь аймагтай 241.7 км, урд талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 783.7 км, баруун талаараа Баянхонгор аймагтай 220.8 км урт зурвас газраар тус тус хиллэдэг. 165.0 мянган км2 газар нутагтай бөгөөд засаг захиргааны 15 сум, 59 баг нэгжид хуваагддаг. Аймгийн өндөржилтийн хувьд хамгийн өндөр цэг 2800м, бусад хэсгээрээ нам дор газарт хамаарах буюу 1090м орчим өндөрт өргөгдсөн байна. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хувьд хуурай хээр, цөлийн хээр, умардын цөл, заримдаг цөл, жинхэнэ цөл гэсэн бүс бүслүүрт хамаарна.
2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 1000 хүнд ноогдох төрөлт 6.0, цэвэр өсөлт нь 5.3, суурин хүн амын 38.7% нь буюу 27185 нь аймаг, сумдын төвд, 61.3% нь буюу 43185 нь хөдөө амьдарч байна. Аймгийн нийт өрхийн (22013) 36.9% нь малчин өрх буюу 10219 малчинтай байна. Өмнөговь аймаг нь 2020 оны эцсийн байдлаар 70371 хүн ам, 22013 өрх айлтай байна. Тухайн жилийн эцсийн мал тооллогоор 2.8 сая гаруй толгой малтай бөгөөд10219 малчин иргэдтэй байна. Хөдөлмөрийн насны хүмүүсийн 66.7% нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 11.870 мянган төгрөг, ДНБ−г ангилж үзвэл 17.61% нь хөдөө аж ахуй (ХАА), 23.93% нь уул уурхай, олборлолт, 16.85% нь барилга, 35.77% нь үйлчилгээний салбарт ногдож байна.
- Газрын гадарга
Тус аймгийн нутгийн баруун тал, төв хэсэг рүү Говийн Алтайн нурууны салбар уулс түрж ордгоос аймгийн нутгийн баруун болон төв хэсэг нь нилээд уулархаг гадаргатай болсон. Аймгийн нутгийн зүүн хойд хэсэгт орших Шанхай Өгөөмөрийн жижиг уул, нуруудыг оруулаад, нийт уул нуруудын эзлэх талбай аймгийн бүх нутгийн 18%−ийг эзэлнэ. Энэ байдлаас үзэхэд аймгийн нутаг нь ерөнхийдөө талархаг байдалтай гадаргатай.
Талархаг гадаргуутай нутаг нь дотроо: жижиг уулс, цав толгод, ухаа гүвээ талархаг газар, хотос хонхортоо хужир марзтай тойром, жижиг довцог элс, манхан бүхий нам дор газар гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд жижиг уулс, цав толгод ухаа гүвээ бүхий талархаг газар нь аймгийн нутгийн зүүн хойд хэсэгт, өндөр уулсын бэл дагуух нутгуудыг хамарч аймгийн нийт нутгийн 56%−ийг эзэлнэ. Харин хотос хонхортоо хужир марзтай тойром, жижиг довцог элс, манхан бүхий нам дор газарт аймгийн нутгийн хойд хэсгээр түрж орж ирэх Олон нууруудын хөндийн төгсгөл болох Онгийн голын адаг, Улаан нуурын сав дагуух нутаг болон Борзон Галбын говь, тэрчлэн Нэмэгт уулын ар хоолой, Ингэн сэвстэй, Цайлангийн говийг дайрч улсын хилийн дагуу үргэлжлэх Алтайн өмнөт говийн зүүн үзүүр болох нам дор газар нутгууд орно.
Нам дор газрууд нь аймгийн нутгийн 26%−ийг хамарна. Аймгийн газар нутгийн гадаргуугийн энэхүү онцлог шинж нь аймгийн байгаль цаг уурын нөхцөлд зохих ёсны нөлөөг үзүүлдэг. Тухайлбал тус аймгийн баруун өмнөт талын нам дор нутгуудад намрын хүйтрэлт нилээд аажуу орж, хавар эрт дулаардаг бол уулархаг нутаг, түүний дотор Гурвансайханы нуруу дагуух нутгуудад намар эрт хүйтэрч, хавар хожуу дулаардгаас хүйтний улирал харьцангуй урт болдог байна.
Тус аймгийн нутгийн уул нурууд нь баруунаасаа зүүн тийш чиглэсэн тогтоцтой, урт сунгуу хэлбэртэй юм. Мөн уул нурууд нь хоорондоо элсэн довцог, манхан хужир марзтай хотос, тойром элбэгтэй нарийн хөндий хоолойнуудаар зааглагдана.Түүнчлэн хойноосоо урагш үелэж зэрэгцсэн байрлалтай болно.
Уул нуруудын өндөр нь хойноосоо урагшлах тутам намсаж ирдэг онцлогтой. Жишээ нь: Гурвансайханы Дундсайхан нь 2825 м, Зүүнсайхан 2815 м, Баруунсайхан 2613 м өндөртэй байхад Нэмэгт уул 2768 м, Сэврэй 2631 м−ийн өндөртэй, мөн тус нуруунаас өмнө орших Тост, Ноён уулын өндөр 2517 м−2397 м болж намсаж ирдэг байна. Дээрх уул нурууд нь далайн түвшнээс дээш өргөгдсөн байдлаараа ялгагдаад зогсохгүй мөн гадаргынхаа онцлогоор хоорондоо эрс ялгагддаг.
Гурвансайханы уулс хавтгай хяртай, уулын хэсэгтээ хад чулуу багатай, уулт− хээрийн өвс ургамал сайтай байхад түүнээс урагш орших уул нурууд нь хад хясаа ихтэй шовх оройтой, цөл хээрийн бутлаг ургамал зонхилох шинжтэй болдог. Мөн уулсын энгэр, бэл нь гүн жалга, сайраар ихээхэн хэрчигдсэн байдаг. Энэ нь уг газруудыг улам бартаархаг болгож ашиглагдах нөхцөл боломжийг нь хүндрүүлдэг байна.
Гурвансайханы уулсын өвс ургамал сарлаг, бог мал, адуу мэтийн олон төрлийн малд тохиромжтой байхад түүнээс урагш орших уулуудад өвс ургамал нь цөлийн шинжтэй байхын дээр хад чулуу ихтэй ямаа бог малаас бусад малд ашиглагдах боломж нь мууддаг байна.
Ийм байдал Гурвансайханы нурууны зүүн үзүүрт орших дурьдсан уул нуруудаас нилээд алслагдан орших Шанхай, Цэций, Их−Уул зэргийн уулууд орох бөгөөд эдгээр уулсын өндөр нь 1700−1800 метрээс ихгүй юм. Эдгээр уулсын томоохон нь Шанхайн уул юм.
Шанхайн уул нь дотроо олон салбар оройтой болохын дээр жалга, сайраар үлэмж хэрчигдсэн, хажуу бэлээрээ хайр, чулуун хурдас элбэгтэй болно. Ер нь гүн хавцал, жалга, гуу сайраар ихээхэн хэрчигдсэн байх нь говийн уулсын нийтлэг шинж нь болдог байна.
Аймгийн нутаг дэвсгэрийн ихэнх хувийг цав толгод, ухаа гүвээ бүхий талархаг газар эзэлдэг. Цав толгод нь бөөн бөөнөөрөө болон мөн өөр хоорондоо нарийн хөндий хоолойгоор тусгаарлагдан зааглагдсан байдаг ба хур тунадасны нөлөөгөөр үүссэн жалга гуу, хуурай сайраар ихээхэн шигүү хэрчигдсэн байх нь олонтоо ажиглагддаг. Мөн гадарга нь өвс ургамалгүй шахам чулуугаар хучигдсан байх нь ч үзэгддэг. Гэвч эдгээр газруудад өвөл, хаврын цагт нөмөр газар ихтэй, толгодуудын хоорондох дэрс түнх, дов товцогтой хонхор хотгоруудад усны эх үүсвэр элбэгтэй байдаг нь мал аж ахуйд нэн тохиромжтой юм. Цав толгод бүхий газар аажмаар намсаж ухаа гүвээрхэг талархаг газарт шилжих бөгөөд хааш хаашаагаа хэдэн арван км−ээр үргэлжилдэг.
Мөн орчныхоо нам дор газруудаас нилээд өргөгдсөн дэнж дэвсэг болж харагдах нь цөөнгүй үзэгддэг ийм газруудад нь усны эх үүсвэр ховор байдгаас мал аж ахуйд ашиглах бололцоо муутай, ашиглалт багатай бэлчээрт гол төлөв ордог байна. Харин Хөндий, Хоолойн хотос хонхор дагасан нам дор газрууд нь усан хангамжаар бусад газруудаас ямагт илүү байдгаараа онцлог юм.
Аймгийн нутаг дэвсгэрийн эдгээр олон хэв шинж нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа түүний бүтэц бүрэлдэхүүнд ч зохих нөлөө үзүүлж иржээ. Тухайлбал Говь Гурвансайхан, Сэврэй, Ноёнбогд, Номгон, Тост, Нэмэгт, Гилбэнт зэрэг уулархаг нутгууд ямаа, сарлаг, адуунд тохиромжтой байхад Галба, Зээмэг, Борзон, Заг сүүж, Ухаа гүний говиуд нь тэмээнд жинхэнэ тохиромжтой нутаг юм.
Тус аймгийн нутагт нийтдээ 32.2 мян.га талбайг элс эзэлж байна. Үүний 40 орчим хувийг нүүдэг элс эзэлдэг. Сэврэй сумын Хонгорын элсэн уул нь 180−д км урт, зарим газартаа 20 км өргөн юм. Аймгийн газрын гадаргуугийн өндөршилтийн зургаас үзэхэд далайн түвшнээс дээш 1000 метр хүртэл өргөгдсөн нутаг 5321.7 м.га, 1000−1400 метрт 8633.0 мян.га, 1400−1800 метрт 2074.9 мян.га, 1800−2400 метрт 468.2 мян.га, 2400 метрээс дээш өргөгдсөн нутаг 18.5 мян.га байна. Өөрөөр хэлбэл нийт нутгийн дийлэнх хувийг далайн түвшнээс дээш 1000−1400 метрт өргөгдсөн жижиг уул, толгод, ухаа гүвээ, тэгшивтэр гадаргуутай нутаг эзэлж байна.
- Уур амьсгалын нөхцөл, мужлал
Өмнөговь аймгийн нутагт уул нуруу, говь хонхор, газрын гадаргын хэв шинж олон янз учраас байгалийн ба уур амьсгалын нөхцөл нь хэд хэдэн муж болж хуваагдах онцлогтой байна. Ургамлын ургалтын хугацааны чийг температурын нийлбэрийг уур амьсгалын гол үзүүлэлт болгож авсан болно. Энэ нь ургамлын ургалтын хугацаанд орсон хур тунадасны нийлбэрийг мөн үеийн 10°−аас дээших температурын 10 дахин багасгасан нийлбэрт харьцуулсан тоогоор илэрхийлэгдэнэ. К=R/0.1 (ниилбэр t>10°) Үүний К= чийг хангамж, R= 10°−аас дээш температуртай үеийн тунадасны нийлбэр. T>10°= хоногийн дундаж агаарын 10°−аас дээших температурын нийлбэр.
Чийг хангамж коэффициентийг мужлалын шалгуур болгосон юм. Ингэхэд далайн түвшнөөс дээш 1800 м өндөрт чийг хангамж 0.4−өөс их, 1400−1800 м түвшинд 0.3−0.4, 1400 м−ээс доош нутагт 0.3 –аас бага байгаа юм. Ургамлын ургалтын хугацааны дулаан хангамжийг хоногийн дундаж агаарын 10°−аас дээшхи температурын нийлбэрээр тогтоосон бөгөөд энэ нь мужлалын бас нэг үзүүлэлт юм. Мужлалын дулааны хангамжийн шалгуурт дээрхи температурын нийлбэр 80%− ийн хангамжинд тохирох хэмжээг авсан юм. Дээрхээс үндэслэн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн уур амьсгалын 3 мужид хувааж болж байна.
Үүнд:
- Хуурай сэрүүвтэр муж
- Хуурай дулаавтар муж
- Нэн хуурай дулаан муж
Хуурай сэрүүвтэр муж. Энэ мужид далайн түвшнөөс дээш 1800м буюу түүнээс дээш өргөгдсөн бүх нутаг хамрагдана. Жилд 100 мм−ээс их тунадас унана. Чийг хангамжаар муу нийлбэр температур нь 2200°−аас бага байдаг.
Хуурай дулаавтар муж. Энэ мужид далайн түвшнөөс дээш 1400−1800 м өргөгдсөн нутаг хамрагдана. Жилд 75−100 мм тунадас унана. Чийг хангамжаар муу, дулааны хүрэлцээ сайн нийлбэр температур нь 2200°−2800° байдаг. Дулааны хүрэлцээгээр маш сайн боловч чийггүй болохоор ургамлын баялгаар муу, газар тариалан эрхлэх боломжгүй юм.
*Нэн хуурай дулаан муж.*Энэ мужид далайн түвшнөөс дээш 1400 м−ээс доош бүх нутаг багтах бөгөөд жилдээ 50−75 мм, түүнээс ч бага тунадас ордог. Чийг хангамж муу, дулааны хангамж их юм. Нийлбэр температур 2800°−аас их байдаг. Бэлчээрийн ургамал ургах байгалийн нөхцөл нь нэн хатуу учраас малын тэжээлийн хүрэлцээ дутагдаж, мал маллагааны ажлыг их хүндрүүлдэг.
- Дулаан, хүйтний горим
Манай орон далай тэнгисээс алслагдаж, тал бүрээсээ өндөр уулсаар хүрээлэгдэж далайн түвшнөөс дээш их өргөгдсөн хотгор гүдгэр янз бүрийн гадаргуутай зэргээс агаарын температур ихээхэн ялгаатай, эрс тэс болдог. Өмнөговь аймгийн төв, баруун талын сумд тухайлбал Баяндалай, Ноён, Гурвантэс, Хүрмэн сумдын нутгаар жилийн дундаж агаарын температур 3.9°−5.1° орчим байхад зүүн, өмнө талын талархаг нутгаар 7.4° хүрч байна. Өмнөговь аймгийн бүх нутагт хамгийн хүйтэн сар нь 1−р сар (сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар -11.5°-16.8°), хамгийн дулаан нь 7−р сар (сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар 20.2°−24.9°) байдаг. 1−р сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар (далайн түвшнөөс дээш 1000 м түвшинд) аймгийн баруун, өмнө, зүүн урд талаар -12°−аас дээш, төвийн орчим (1500 м түвшинд) -12°-14°, төвийн хойд, зүүн талаар -14°-16°, Баяндалай сумын төв, Булган сумын хойд, Мандал−Овоо сумын баруун талаар -16° аас дээш хүйтэрдэг байна.
Сарын дундаж агаарын температур жил бүр ижил байдаггүй, олон жилийн дундаж нь хэвийн хэмжээнээс дулаан, хүйтэн янз бүр байдаг. Цаг уурын станц, харуулын ажиглалтын материалаас үзэхэд аймгийн нийт нутгаар 1968, 1969, 1977 онууд нэлээд хүйтэн жил байжээ. Дээрхи онуудын 1−р сарын дундаж агаарын температур олон жилийн дундаж хэвийн хэмжээнээс 10°−5°аар хүйтэн (-26.6°-17.4° хүрсэн) байв. Агаарын үнэмлэхүй бага температур баруун, зүүн, хойд талын сумдын нутгаар -30.0°-41.5°, төвийн нутгаар -33.8°-36.3°, өмнөд хэсгээр -31.5°-38.8° хүрч хүйтэрдэг. Гэвч зарим жил тухайн нутагт хэвийн хэмжээнээс илүү хүйтрэх явдал тохиолддог. Тухайлбал 1964 оны 2 дугаар сарын 10−ны өдөр Баяндалайд -41.5°, 1968 оны 1 дүгээр сарын 28−нд Мандал−Овоод -40.0° хүрч хүйтэрсэн нь Өмнөговь аймгийн нутагт ажиглагдсан хүйтний туйл болж байна.
Жилийн хамгийн дулаан 7−р сард агаарын дундаж температур далайн түвшнөөс дээш 1800 м өндөрт 20°−аас бага, 1600−1800 м түвшинд 20°−22°, 1300−1600 м түвшинд 22°− 24°, 1300 м−ээс доош нутагт 24°−аас дулаан байна. Олон жилийн агаарын температурын мэдээгээр жилийн дундаж температурыг тооцоолж, тархалтыг зурагласан байдлаас харахад Өмнөговь аймгийн нутгаар агаарын температурын жилийн дундаж утга +3−аас +8 градус байна. 1981 оны 7−р сард аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 2°− 3°аар дулаан болж сарын дундаж агаарын температур 22°− 27° байв. Үнэмлэхүй их температур баруун хойд, хойд талын сумдын нутгаар 32.6°− 39.9°, төвийн нутгаар 35°− 35.8°, бусад нутгаар 38.6°− 41.0° хүрч байв.
Агаарын температур нь өргөргийн дагуу хойноос урагшаа, баруун талын уулархаг нутгаасаа зүүн тийш говь руугаа болох тутам дулаарч байна. Хавар, намрын улирлуудад агаарын температур 0°−аас дээш байх үед хүйтэн агаар өөр нутгаас түрж ирэх буюу шөнийн цагт эрс хүйтэрснээс температур 0°−аас доош бууран хавар, намар цочир хүйтрэх удаа бий. Цочир хүйтрэлт ургамлын өсөлт, хөгжилтийг саатуулах, заримдаа хэсэг газрын ургамлыг бүхэлд нь гэмтээх, үр тариа, хүнсний ногоог хөлдөөх зэргээр хөдөө аж ахуйд хохирол учруулдаг байна. Цаг уурын ажиглалтын материалаас үзэхэд Номгон, Мандал−Овоо, Ханбогд сумдын нутгаар хаврын цочир хүйтрэлт дунджаар 5 дугаар сарын 5−аас 7−ны үед, бусад нутгаар 5 дугаар сарын 2 дугаар арав хоногт ажиглагддаг байна. Намрын цочир хүйтрэлт Гурвантэс, Сэврэй, Булган, Цогт−Овоо, Мандал−Овоо, Ханбогд сумдад 10 дугаар сарын 1 дүгээр арав хоногт, бусад сумдын нутгаар 9 дүгээр сарын 3 дугаар арав хоногт тохиолддог байна.
Агаарт цочир хүйтрэлт болох эцсийн хугацаа далайн түвшнөөс дээш 1800 м өндөрт 5 дугаар сарын 10−аас хожуу, 1500−1800 м түвшинд 5 дугаар сарын 5−10нд, 1500 м−ээс доош нутагт 4 дүгээр сарын 30−наас эрт, эхний хугацаа далайн түвшнөөс дээш 1800 м өндөрт 10 дугаар сарын 10−аас эрт, 1500−1800 м түвшинд 10 дугаар сарын 5−10нд, 1100−1500 м түвшинд 10 дугаар сарын 10−15нд, 800−1000 м түвшинд 10 дугаар сарын 15−20нд, 800 м−ээс доош нутагт 10 дугаар сарын 20−оос хожуу тохиолдох нь 80 хувийн магадлалтай байна. Өөрөөр хэлбэл 100 жилийн 80−д, 10 жилийн 8−д нь тохиолдох хугацаа юм. Өмнөговь аймгийн нутагт хүйтрэлгүй үе дунджаар 5 дугаар сарын 2 дугаар арав хоногоос эхэлж 9 дүгээр сарын сүүлчээр дуусдаг. Түүний үргэлжлэх хугацаа 129−188 хоног байна. Иймээс ургамлын өсөлтөд оногдох хугацаа тийм ч бага биш юм.
Хавар агаарын ба хөрсний чийг хамгийн бага, өөрөөр хэлбэл хөрсний дулааны нөөц бага байдгаас намрынхаас хаврын хүйтрэлт илүү хүчтэй болдог. Хоногийн дундаж температур 0°, +5°+10°−ийг давж дулаарах, хүйтрэх үе нь ургамлын ургалт газрын хөрсний хөлдөх, гэсэх явцтай холбоотой учраас цаг уурын шинжлэх ухаанд түүнийг онцгойлон авч үздэг. Тухайлбал хоногийн дундаж температур 0°−ыг давж дулаарах үед газрын хөрсний хагалгааны гүн гэссэн байдаг бөгөөд энэ үеийг хаврын эх гэж үздэг бол 5°−ыг давж дулаарах үе нь ургамлын цухуйж эхлэх хугацаатай давхцдаг. Хоногийн дундаж агаарын температур +10°−ыг давж дулаарах нь ургамлын идэвхтэй ургалт эхлэх хугацаа тул түүнийг хаврын улирлын эцэс гэж үздэг. Намрын улиралд хоногийн дундаж температур +10°−аас доош хүйтрэх үеийг намрын эхэн, 0°−оос доошилж хүйтрэх хугацааг намрын эцэс гэдэг. Баян−Овоо, Ханбогдод 3 дугаар сарын 16−18−нд, бусад сум дунджаар 3 дугаар сарын 25−нд 0°−оос доош дулаарч, 10 дугаар сарын 25−аас 11 дүгээр сарын 6−ны үеэр 0°−оос доош хүйтэрдэг байна. Үүнээс үзэхэд хоногийн дундаж агаарын температур 0°−аас дээш байх хугацаа дунджаар 213−239 хоног байна.
Хоногийн дундаж агаарын температур олон жилийн дунджаар далайн түвшнээс дээш 1800 м түүнээс дээш өргөгдсөн нутагт 5 дугаар сарын 5−наас хожуу, 1400−1800 м түвшинд 4 дүгээр сарын 25−аас 5 дугаар сарын 5, 1000−1400 м түвшинд 4 дүгээр сарын 15−25, 1000 м−ээс доош нутагт 4 дүгээр сарын 15−аас эрт давж дулаардаг. 1800 м түвшинд 9 дүгээр сарын 25−наас 30, 1200−1800 м түвшинд 9 дүгээр сарын 30−наас 10 дугаар сарын 5−нд, 1200 м−ээс доош нутагт 10 дугаар сарын 5−наас хожуу хүйтэрдэг байна. Өмнөговь аймгийн Сайхан (Булган сум), Цогт−Овоо, Даланзадгад зэрэг цаг уурын станцуудад 1940 оноос хойш хэмжсэн цаг агаарын ажиглалтын мэдээгээр агаарын тэмператур, хур тунадасны олон жилийн явцыг үнэлж үзэхэд Сэврэй, Даланзадгад станцууд дээр агаарын температур жилд 0.52−0.81 градусаар дулаарсан байхад Цогт−Овоо станц дээр 0.75 градусаар буурсан дүр зураг харагдаж байна.
- Чийгийн горим
Өмнөговь аймгийн нийт нутаг хуурай уур амьсгалтай бүсэд багтана. Агаар хуурай, хөрснөөс уурших чийгийн хэмжээ бага учраас жилийн дулааны улирлын харьцангуй чийгшлийн дундаж 29−50%, өвлийн улиралд 50−75%−аас хэтэрдэггүй байна. Өдрийн 13 цагийн харьцангуй чийгшил 20% хүрнэ. Зарим өдөр харьцангуй чийгшил 9−11% хүртэл буурах явдал бий. 30%−ас бага чийгтэй өдрийн тоо жилийн дулааны улиралд төвийн болон хойд, зүүн талаар 85−аас бага, өмнө талаараа 85−100 байгаагаас үзвэл агаар нэлээд хуурайг харуулж байна. Агаар нэн хуурай болохоор хур тунадасны хэмжээ нийтдээ бага юм.
Олон жилийн дунджаар жилд Ноён, Гурвантэс, Ханхонгор, Булган, Даланзадгад, Манлай суманд 102.1−132.9 мм тунадас, Баян−Овоо, Номгон суманд 63.2−70.9 мм, бусад суманд 80−100 мм тунадас унадаг байна.
Жилд унах тунадасны хэмжээ жил бүр ижил байдаггүй, зарим жил 1 хоногт жилд орох тунадасны ихэнх нь орох тохиолдол байдаг. Тухайлбал Даланзадгадад 1977 онд 235.3 мм, Номгонд 1969 онд 156.9 мм тунадас жилдээ орж байсан бол Даланзадгадад 1956 оны 8 дугаар сарын 5−нд 137.8 мм, 1979 оны 6 дугаар сарын 29−нд 53.5 мм тунадас 1 хоногтоо орсон байна. Гэтэл Даланзадгадад 1944 онд 51.6 мм, Номгонд 1980 онд 9.1 мм тунадас жилдээ оржээ. Үүнийг олон жилийн дундаж хэвийн хэмжээтэй харьцуулбал 58.4−87.2%−иар бага юм. Далайн түвшнөөс дээш 1800 метрийн түвшинд 75−100 мм, 1000−1400 м түвшинд 50−75 мм, 1000 метрээс доош нутагт 50 мм−с бага тунадас унах магадлал 80% байна. Иймээс ургамлын чийг хангамж туйлын муу ажээ. Сүүлийн 60 жилд орсон хур тунадасны жилийн нийлбэр утга Өмнөговь аймгийн нутгаар жилд 0.11−0.92 мм−ээр буурсан нь агаарын температур нэмэгдэж, дулаарч байгаа явцтай хавсарч ган болох эх үүсвэр болохын зэрэгцээ, бэлчээр доройтох үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.
- Салхины горим
Монгол оронд жилийн хүйтэн улиралд эсрэг циклон, дулаан улиралд шатлуур багатай нам даралтын орон зонхилох тул салхины хурд ерөнхийдөө бага, жилийн дундаж салхины хурд 2.6−5.5 м/с орчим байдаг. Сарын дундаж салхины хурд хавар хамгийн их, өвөл, зун, бага байдаг ерөнхий шинжтэй атал Булганд сарын дундаж салхины хурд 11, 12 дугаар сард хамгийн их, хавар хоёрдогч их утга өвлийн эцэс, зуны улиралд тус тус 2 удаа бага утга ажиглагдана.
Хүчтэй салхитай өдрийн тооны олон жилийн дундаж Булганд харьцангуй их салхитай тооцогддог Даланзадгадаас хоёр дахин их байна. Судалгаанаас үзвэл Булганд Даланзадгадыг бодвол жилийн дундаж хүчтэй салхитай өдрийн тоо 2 дахин их, хүчтэй салхины үргэлжлэх дундаж хугацаа 3 дахин их байна. Нөгөө талаар Цогт−Овоо станцад хүчтэй салхи зонхилон (38%) 1.1 −ээс 3.0 цаг тасралтгүй үргэлжилдэг бол Даланзадгад, Булганд 3.1−6.0 цаг тасралтгүй үргэлжлэх хүчтэй салхи 30.4−26.7 %−ийн давтагдалтай байна. Булганд 6.1−9.0 цаг үргэлжлэх нь харьцангуй олон (18.5%) тохиолдоно. Даланзадгадад 1946−1972 оны хооронд 38 цагаас удаанаар тасралтгүй үргэлжилсэн хүчтэй салхи тохиолдоогүй атал 1961−1969 оны хооронд хийсэн ажиглалтаар Булганд 48 цагаас удаан үргэлжлэх хүчтэй салхины давтагдал 2.5% болж 148 цагийн турш салхины хурд 15 м/с−ээс буугаагүй үе тохиолдсон байна. Булганд 1976 оны 3 дугаар сарын 28, 1982 оны 12 дугаар сарын 20, Ханбогдод 1977 оны 3 дугаар сарын 13, Хүрмэнд 1983 оны 3 дугаар сарын 15−ны өдөр тус тус 40 м/с хүрсэн нь Өмнөговь аймгийн нутагт ажиглагдсан салхины хамгийн их хурд юм. Салхи ихтэй болохоор шороон шуургатай өдрийн тоо жилдээ 19−55 байдаг.
- Хөрс, хөрсөн бүрхэвч
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн газрын гадаргын хотгор гүдгэр харилцан адилгүй байдгаас шалтгаалан хөрс үүсгэгч эх чулуулаг өөр өөр байна. Аймгийн ихэнх нутагт гол төлөв дөрөвдөгчийн галавын хурдсууд зонхилон тархах бөгөөд эдгээрийн тогтоц, байршил, морфологи шинж, физик−химийн шинжийг нь үндэслэн
- Эллювийн хурдас
- Деллювийн хурдас
- Эллюви−деллювийн хурдас
- Аллювийн хурдас
- Пролювийн хурдас
- Эоловийн хурдас гэж ангилдаг.
Эллювийн хурдас Уулархаг газраар ихэвчлэн тогтворжих бөгөөд анх байсан газраа ямар нэгэн өөрчлөлтөд ороогүй хурдсууд хамрагдана. Эллювийн хурдас тус аймгийн Говь гурван сайхан, Сэврэй, Нэмэгт, Тост зэрэг уулс болон говийн жижиг ухаа толгодоор тархана. Эллювийн хурдас дээр тогтворжсон хөрс нимгэн үе давхаргатай байдаг ба зарим тохиолдолд эх чулуулаг (хөрс үүсгэгч хурдас) нь ил гарсан байх бөгөөд ихэнх тохиолдолд карбонатлаг, шүлтлэг орчинтой байна.
Деллювийн хурдас. Аймгийн нутгаар их хэмжээний нутгийг хамран тархах ба ялангуяа уулын ар, өвөр хажуу, хормой бэл, тэдгээрийн хоорондох хөндийгөөр тархана. Энэ хурдас үүссэн нөхцлийн хувьд эллювийн хурдсаас өөр нөхцөлд гулсалт, шилжилтийн үр дүнд нам дор газар хуримтлагдсан хөрс багтдаг.
Эллюви− деллювийн хурдас. Ийм төрлийн хосолмол хурдас гол төлөв уулархаг газраар үүсэх бөгөөд жижиг дов толгодын цөлөрхөг хээрийн гүйцэт бус хөгжилтэй бор, цайвар бор, уулын сулавтар хөгжилтэй хөрсний дэд хэв шинжүүд эллюви− деллювийн хурдас дээр тогтворжсон байдаг.
Аллювийн хурдас. Энэ хурдасны гарал үүсэл нь дээрх хурдсуудаас өөр байдаг. Энэ хурдас усны нөлөөгөөр үүсч, чулуурхаг хэсгүүд нь бөөрөнхий, хурц ирмэггүй байх бөгөөд нам дор, чийглэг газраар ихэвчлэн үүснэ. Тус аймгийн Онгийн голын дагуу тархана.
Пролювийн хурдас. Энэ хурдас нь уулсын хоорондох нарийн хөндийгөөр цас борооны усны нөлөөгөөр урсдаг, гуу жалга, сайрын үелсэн тогтоцтой хөрсний төрөл зүйл хамрагдана.
Эоловийн хурдас. Эоловийн хурдас тус аймгийн бараг бүх нутгаар тархах ба ихэвчлэн салхины нөлөөгөөр үүссэн газрын гадаргын өнгөн хэсгийн элсэн хуримтлалыг хэлнэ.
Эх газрын эрс тэс уур амьсгал, Төв азийн цөлүүдийн нөлөө энэ бүхэн тус аймагт хөрс бүрэлдэн тогтох өвөрмөц нөхцлийг бий болгож хөрсөн бүрхэвчийн газарзүйн тархалтанд нөлөөлснөөс Монголын өмнөд хагаст цөлөрхөг хээрийн ба цөлийн хөрс зонхилж, хуурай хээрийн хөрс нутгийн хойд хэсэг болон өндөр уулсаар зурвасхан тархжээ. Өмнөговь аймгийн хөрс нь хөрс−газарзүйн мужлалтаараа Говийн их мужийн хойд говийн мужийн Говь Алтайн ба Нууруудын хөндийн, Дундговийн Замын−Yүдийн район, Өмнөт говийн мужийн Өмнөговийн ба Алтайн өвөр говийн районуудад тус тус багтаж байна.
Энэ нутгийн онцлог нь ус чийгээр туйлын дутмаг, зундаа ихээхэн халуун, гандуу, өвс ургамал тачир сийрэг байдаг учир хөрсөн бүрхэвчинд цөлөрхөг хээрийн бор ба цөлийн цайвар бор хөрсний бүсүүдэд хуваагдана. Харин Алтайн нуруунд уулын хээрийн хүрэн хөрсний бүслүүр өргөн тархсан байдаг. Газар зохион байгуулалтын хайгуул зураг төслийн институтээс 1988 онд явуулсан хөрсний судалгааны дүнгээс үзвэл Өмнөговь аймгийн нийт газрын 24.5% уулын хөрс, 75.5% тал хөндийн хөрс эзэлжээ.
Уулын хөрсний бүтцэд эх чулуулгийн илэрц 0.9% буюу 156.3 га, уулын сулавтар хөгжилтэй цайвар хүрэн хөрс 1.2% буюу 205.7 га, уулын цайвар хүрэн хөрс 0.9% буюу 145 га, уулын цөлөрхөг хээрийн сулавтар хөгжилтэй бор хөрс 2.1% буюу 349.2 га, уулын цөлөрхөг хээрийн бор хөрс 4.4% буюу 733.1 га, уулын цөлөрхөг хээрийн сулавтар хөгжилтэй цайвар бор хөрс 2.9% буюу 483.4, га уулын цөлөрхөг хээрийн цайвар бор хөрс 0.9% буюу 155 га, уулын цөлийн сулавтар хөгжилтэй бор саарал хөрс 5.5% буюу 910.5 га, уулын цөлийн бор саарал хөрс 5% буюу 833.8 га, цөлийн сулавтар хөгжилтэй гөлтгөнжсөн бор саарал хөрс 0.7% буюу113.3 га байна. Энэ байдал нь тус аймгийн уулархаг нутаг нь маш нимгэн тогтворжилт ба үржил шим муутай хөрстэй болохыг харуулж байна.
Уулс болон цав толгодын хоорондох өргөн нарийн хөндийгөөр нь зузаан цайвар хүрэн хөрс 0.2% буюу 27.9 га, нимгэн цайвар хүрэн хөрс 0.6% буюу 100.3 га, цөлөрхөг хээрийн бор хөрс 17.1% буюу 2829.1 га, цөлөрхөг хээрийн сулавтар хөгжилтэй бор хөрс 0.6% буюу 102.3 га, цөлөрхөг хээрийн цайвар бор хөрс 17.3% буюу 2857.2 га, цөлөрхөг хээрийн сулавтар хөгжилтэй цайвар бор хөрс 4.4% буюу 730 га, цөлөрхөг хээрийн нугат бор хөрс 1.9% буюу 314.8 га, цөлөрхөг хээрийн мараалаг хужирлаг бор хөрс 0.3% буюу 50 га, цөлийн бор саарал хөрс 21.7% буюу 3590.4 га, хэт гандуу цөлийн бор саарал хөрс 0.5% буюу 85.8 га, нугын шалархуу хөрс 1.2% буюу 192.2 га, шал хөрс (шаварлаг) 0.2% буюу 28.5 га, эоловын үлээгдмэл хөрс 4.8% буюу 791.9 га, аллювийн нугын хужирлаг мараалаг хөрс 0.1% буюу 11.6 га, нугын хужирт хөрс 0.9% буюу 151.4 га, сайр, гуу жалгын бүрдэл 3.6% буюу 594.2 га, хөрсний дэвсгэр чулуулаг 2.8 га тус тус тархжээ.
Бэлчээрт ашиглагдаж байгаа хөрсний дийлэнхи хэсэг нь цөлийн бор саарал хөрс ба цөлөрхөг хээрийн цайвар бор ба цөлөрхөг хээрийн бор хөрсүүд байгаагаас харахад бэлчээрийг зөв зохистой ашиглах нь хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаалах таатай нөлөө үзүүлэх юм. Тариаланд тохиромжтой бөгөөд урьд нь ашиглагдаж байсан нийт газрын хөрсний ихэнхийг цөлөрхөг хээрийн бор хөрс эзэлж, зузаан цайвар хүрэн ба цөлөрхөг хээрийн сулавтар хөгжилтэй цайвар бор болон цөлөрхөг хээрийн нугат бор хөрс багахан хэмжээний талбайг эзэлж байна. Хэдийгээр хадлангийн зориулалтаар ашиглагдах хөрс ховор ч орон нутгийн боломжинд тулгуурлан гар аргаар усжуулж цөлөрхөг хээрийн нугат бор хөрстэй 96 га, цөлөрхөг хээрийн бор хөрстэй 16 га, нугын хужирт хөрстэй 15 га булаг баян бүрд орчмын газрыг ашиглаж байжээ.
Хөрс нь механик бүрэлдэхүүний хувьд ихээхэн хөнгөн бөгөөд элсэнцэр, элсэрхэг ба элсэн хөрс нийт нутаг дэвсгэрийн элсэнцэр 72.8 хувийг эзэлж үлдсэн хэсэгт нь буюу нам хотсуудаар голдуу шаварлаг 1.5%, хүнд шавранцар 0.3%, дунд шавранцар 1.1%, хөнгөн шавранцар 19.6% буюу 3248.2 га тархжээ.
- Ургамал, ургамлан бүрхэвч
Өмнөговь аймгийн нутаг нь Монгол орны байгалийн үндсэн бүс бүслүүрийн хувьд цөлөрхөг хээр (говь), цөлийн бүсэнд байрладаг. Ургамал газар зүйн мужлалаар олон нуурын хөндийн цөлөрхөг хээр, Дорнод говийн цөлөрхөг хээр, Алашаа говийн цөлийн, Говь−Алтайн уулын цөлөрхөг хээр, Алтайн өвөр говийн (цөлийн) тойрог гэсэн 5 тойрогт хамрагдана. (А.А.Юнатов. 1946, 1950, А.М.Мурзаев. 1952, В.И.Грубов. 1955, Н.Өлзийхутаг. 1989).
Нутгийн ихээхэн хэсэг нь говь, хээржсэн цөлийг илэрхийлж, өндөр уул, говийн жижиг толгод, элсэн манхан, элсэрхэг довцог, өргөн уужим сайр, сул элс ихтэй. Хэдийгээр Алтайн өвөр говийн баян бүрдүүдтэй харьцуулахад жижиг боловч цөөн хэдэн баян бүрдийн шинж агуулсан Хар толгойн худаг, Гурван тэс, Тээгийн худаг, хэд хэдэн “Улаан нуур” нэрт устай газар, хүйтний булаг, Баян гол болон Зулганайн хөндий зэрэг нутгуудад бэлчээрийн ургамалшлын өвөрмөц тогтоц бүхий зэгс, дэрс, сухай, тооройн төгөл бүхий баян бүрд байдаг.
Н.Өлзийхутаг (1989) ботаник газар зүйн судалгааны урьд өмнө хийгдсэн нийт бүтээлийг нэгтгэн дүгнэх замаар манай орны ботаник газар зүйн мужлалыг шинэчлэн үйлдсэн юм.
- Олон нуурын хөндийн цөлөрхөг хээр
Олон нуурын хөндийн цөлөрхөг хээр нь Алтай (Монгол ба Говийн), Хангайн завсрын томоохон газрыг хамардаг. Ус, чийгт газрын биоценоз говийн экосистемд маш чухал байрыг эзлэнэ. Тэнд цөлийн ба цөлийн хээрийн (хээржсэн цөл) бүс дагуу тохиолдох гүйцэд тогтворжоогүй довцог элсэн манхны загт (Haloxylon ammodendron), хөндийн карбонаттай элсэнцэр бор хөрст газрын монгол өвс−тэсэгт, тэсэг−хазаар өвс−монгол өвст (Stipa glareosa, S.gobica, Cleistoines Songorica, Krascheninnikvia ceratoides), хоолой дагаж давсархаг бор хөрстэй, хотсын бударганат (зарим зүйл Kalidium), мараат хөрстэй газрын олон наст бударганат цөлийн (Salsola passerine, Reaumuria Soongurica, Anabasis brevifolia, Allium polyrrhizum, Artemisia pectinata) шинжтэй фитоценоз давамгайлж байдаг.
Өмнөговийн экосистемийн хувьд ус, чийглэг биотоп: уулсын амнаас эх аван урсах гол, горхи, цөлжсөн хээр, говьд ундран гарах намагжсан булаг, түүний задгайран урсах хэсэг, борооноос үүсэх тойром, шанд нуурлаж тогтсон задгай уснаас бүрдэнэ. Түүнээс гадна баруунаас зүүнээ үргэлжилсэн их нуруунуудын өмнөд бэлээс урагш Монгол улсын хил хүрэх өргөн хотгоруудад бага, дунд олон давсархаг нуур, цөөрөм, баян бүрдэрхүү газрууд байдаг нь эзгүй уужим газрын сээртэн амьтанд ихээхэн ач холбогдолтой юм. Энэ нь бүс нутгийн экосистемийн ургамлын гарцын хамгийн их нягтралтай газруудын нэг юм. Ялангуяа эргээрээ зэгс, усны дээд ургамалтай урсгал ус, нуур нь хавар, намрын цагт олон зүйл ус намгийн шувуу дайрч өнгөрөх, түр буух, зун үлдэж, үүрлэж өндөглөх боломж олгоно. Тийм биотопод хоолойн гүний тойром, Баян төхөмийн нуруу, Улаан нуур, Талын толгойн хоолой, түүнээс баруун хойш чигт үргэлжлэх чийглэг, ундрага, булаг шанд бүхий хоолой, их ба бага булаг, Онгийн гол, Баян гол, Нүцгэний гол орно. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар дээрх усан сүлжээг баянбүрдийн үлдэгдэл гэж тооцох явдал бий. (Чимэдрэгзэн, 1998)
- Дорнод говийн цөлөрхөг хээрийн тойрог
Уулсын хормой бэл, элсэрхэг нутгуудтай хил залган, түрж орох маягаар хээржсэн цөлийн биоценоз бүрэлдүүлжээ. Цөлөрхөг хээрийн бүлгэмдэлд уул толгодын бэл, тал нутгийн хөнгөн шавранцар, элсэн бор хөрстэй газрын баглуур−монгол өвст (Stipa glareosa, Anabasis brevifolia, Allium polyrrhizum), Говь Алтайн нурууны уулс хоорондох хотгор ухаа гүвээт тал нутгийн хазаар өвс−монгол өвст хээрийн, хөнгөн шавар, цайвар хүрэн хөрстэй cleistogenes sguarrosa, Artemisia бүхий умрын хувилбар, элсэнцэр бор хөрстэй Stipa gobica, S.Glareosa, Cleistogenes songoria зонхилсон өмнөдийн хувилбар илэрч байдаг. Мөн Говь-алтайн хаяа уулсын хөнгөн шавранцар ба элсэнцэр бор хөрстэй газрын баглуур−таана−монгол өвст (Stipa glareosa, S.gobica, Allium polyrrhizum, Anabasis breifolia) хээр түрж ордог.
Дорнод говийн цөлөрхөг хээрийн биоценозод мал онцгой холбогдолтой. Ялангуяа зэрлэг тууртан, гэрийн малын хооронд бэлчээрийн давхцал өрсөлдөөн хүчтэй явагддаг. Нэгэнт хүний ивээлд байгаа болохоор мал бэлчээрийн аль идэмж сайтай, ус ундаатай хэсгийг эзлэн байрших боловч зэрлэг тууритан амьтад хур тунадас элбэгтэй, бэлчээрийн шүүслэг ургамалтай жилүүдэд алслан нүүдэллэж (гол нь метаболизмын усанд дулдуйдан) бэлчээр тавиун болно. Харин зудтай өвөл, гантай зуны улирал бэлчээрлэгч хөхт амьтдад хүнд, хэцүүгээр нөлөөлдөг тул бэлчээрийн менежментийн асуудалд зэрлэг тууритан амьтдыг заавал тооцон оруулах шаардлагатай. Энэ тойрогт ус онцгой ач холбогдолтой.
- Алашаа говийн цөлийн тойрог
Аймгийн хэмжээнд элсэн толгой, манхан, сул элст хоолой, хотос (говь) элсэн дов толгод бүхий газар элбэг. Өвс ургамалгүй юмуу зарим газрууд нь Psammochloa villosa ургасан довцог, дэл элс хэлбэртэй газрууд их тохиолдоно. Элсэрхэг нутгийн биотоп цөлжсөн хээртэй зах нийлэн өргөн уудам эзгүй нутгийг эзлэн энд тэнд цоохортон оршино. Элсэрхэг нутгууд голцуу уулс хоорондын болоод жижиг нуур, уст хоолой даган байрлах ба тэнд туулахад хэцүү манхан элс, томоохон элсэн толгой, довцог, дов сондуул, үргэлжилсэн сул элс хэлбэрээр тааралдана. Харин монгол орны говь бол дэлхийн хэт хуурайсаг бүсүүдийн нэг бөгөөд Төв Азийн цөлүүдийн мөн элсэрхэг хөрстэй өргөн сайрууд, хэсэгхэн чулуурхаг хээрүүд элсэрхэг биотопод хамрагдана.
Чулуурхаг хээр нь ургамал бүрхэвч багатай, нимгэн хучаас жижиг чулуун бүрхүүл дороо элсэн суурьтай байдаг. Ургамалжилтын хувьд заримдаг сөөгөнцөр (бор бударганат ба баглуурт) бударганат бэлчээр зонхилдог. Загт бэлчээр багавтар тархсан бөгөөд чулуурхаг, үетэн−бударганат бэлчээр өргөн тархжээ. Томоохон хотгоруудын ёроолоор сийрэг таруу заг, бударгана ба хармаг ургасан довцог элстэй. Дэрстэй газрууд бага. Хадлан огт байхгүй. Энэ районд Алтайн цаад говийнхонтой адил баянбүрдүүд байдаггүй юм.
- Говь Алтайн уулын цөлөрхөг хээрийн тойрог
Энэ нь Говийн Алтайн уулсын шилийн салбарласан систем ба тэдгээрийн хоорондох тууш хотгоруудыг багтаана. Говийн уулсын биоценозын бүрдэл нь Тост, Ноён Богд, Сэврэй, Зөөлөн, Гурвансайхан, Баянбор зэрэг уул, нурууд түүний салбар уулсад өндрийн хуваарилалтаар тод илэрнэ.
Хөрс, ургамалжилтын ерөнхий байдлыг авч үзвэл Говь Алтайн уулсын хүрэн хөрстэй чулуусаг хээрийн алаг өвс−ерхөгт (Agropyron erisfutum, Stipa Krylovii, Artemisia frigida, Astragalus laguroides, Potenttilla sericea, Heteropuppus altaicus), хааяа ерхөг−хялганат хээр зонхилно. Түүнээс гадна уулсын бэл хормойгоор цөлийн хээрийн бүсийн нам ба өндөр цав толгод, нам уулс, уулс хоорондын хотгор хийгээд уулсын хормойн сайраар чулуурхаг бор хөрстэй газарт монгол өвс−бударгана, бударгана−монгол өвст хээр (Ajania fruitculosa, Anabasis brevifola, Kochia prostrata, Ptilagrostis pelliotii, Caragana leucophloea, C.Pygmaea, Stipa gobica, S.glareosa) ихээхэн байр суурь эзлэнэ. Толгодын бэлийн шарилж−Монгол өвст хээрээр уулын бэл хормойн цайвар хүрэн хөрстэй газрын Ajania achilleoides, Caragana Leucophloea, Agropyron cristatum, Arenaria capillaries, Kochia prostrata гэх мэт чулуусаг ургамал, хайргархаг цайвар хөрстэй нутагт Stipa govica, Artemisia frigida, A.caespitosa зэрэг ургамал давамгайлна. Мөн ухаа гүвээт нутгийн элсэн ба элсэнцэр бор хөрстэй, харгана−монгол өвст хээр ч бий.
Говь−Алтайн уулын цөлөрхөг хээрийн тойрогт уулын хээр говийн уулсыг даган байх өөрийн өвөрмөц онцлогтой биоценозуудыг бүрдүүлдэг. Яагаад гэвэл тэр нутгийн олонхи уулс эгц цавчим, амууд хавчиг учраас уул хоорондын хээр хэсэгхэн газарт задгайрч, энд тэнд дэвцэг байдлаар илэрнэ. Харин зоо нурууны гадаад хормойгоор тодрох уулын хээр нь элсэрхэг нутгуудтай залгалдан хол ойр харьцангуй алслана. Энэ фитоценоз бол завсрын бүсийн шинжтэй тул говийн уулсын ба хээржсэн цөлийн төрхийг илэрхийлсэн ургамлын бүлгэмдэл, амьтны аймгийн бүрдэлтэй. Уулын хээрийн бүлгэмдэл нь (хуурай хээрсэг) уул хоорондын болон үе үе илрэн гарах дэвцгүүд, гуу жалга, сайраар хэрчигдсэн боловч зун намартаа хэт хуурайсаг болдгоос дөрвөн улирлын ихэнх хугацаанд ургамлан бүрхэвч тачир байдаг. Өвөл хаврын цагаар уулын хээрийн жалга, судаг, хотгор гүдгэрт цас хунгарладаг, оройтож хайлдаг, уулс хооронд салхи багатай, харьцангуй дулаан тул эрт ногоордог. Тиймээс ургамал идэшт амьтад босоо бүслүүрийн дагуу уруудан шилжиж бэлчээрлэх таатай орчныг бүрдүүлдэг билээ.
- Алтайн өвөр говийн тойрог
Нэмэгт, Тост уулаас баруун тийш аймгийн хилийн дээс хүртэлх (Баянхонгор аймагтай) хэсэгхэн газар энэ тойрогт хамрагддаг. Тус тойргийн баруун өмнөд хэсгээрээ Говийн их дархан цаазат газартай (ГИДЦГ), өмнөд хэсэг нь улсын хил хүрдэг.
Элэгдэж намссан, эмх замбараагүй тогтоцтой, бөөн бөөн бэсрэг уулс, тэдгээрийн хооронд өргөн цайдам хөндийгөөр тусгаарлагдсан цав толгод энэ тойргийн онцлог юм. Цав толгодын ургамал нэн ядмаг ихэвчлэн Монгол өвс, багмэгэр зонхилон ургадаг. Толгодын хоорондхи хөндий хоолойг хармагт цөл эзэлдэг. Багавтар шал, нам газраар улаан бударгана, баглуурт цөл тархсан бөгөөд нэлээд уудам талбайг хотирт цөл түгээмэл тархсан байдаг. Тус тойргийн хойд талаар Ингэн хөөврийн говь орших бөгөөд энэ уудам хоолойн эргэн тойрноор гуу жалга, сайр сапарга, эрэг мөргөцгөөр хэрчигдсэн байдаг.
Эхийн зулагнай, Тооройн шанд зэрэг ус булаг, бүрдүүдэд багавтар талбайг эзлэн тооройн төгөл цөөн тооны жигд ургана. Энэ нь эдгээр ургамлын ургаж буй хамгийн зүүн өмнөд нутаг юм. Дээрх булаг шандын зах, зарим том сайрын хажуугаар сухай, заг ургасан элсэн дов сондог элбэгтэй. Уг тойрогт тэсэг, шар мод, алтгана зэрэг сөөг сөөгөнцөр ургамал ургадаг.

Дорноговь аймаг
- АЙМГИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА МЭРГЭН НОЁНЫ ХОШУУ БУЮУ ТҮҮХЭН УЛБАА
Одоогийн Дорноговь аймаг нь Х-ХII зууны Монголын их эзэнт гүрний үед Хэрэйд аймгийн үндсэн нутагт хамаарах газарт багтаж байжээ. Алтан ургийн сүүлчийн хаадын нэг Батмөнх жонон буюу Даян хааны 11 хөвгүүний отгон хүү болох Халхыг захирч байсан Гэрсэнз жалайр хун тайж XVI зууны дунд үеэр өөрийн долоон хүүдээ Халх монголын хант улсын ханлигийг захиран эзэмших эрх оноож хуваахад “Говь мэргэн ноён”-ы мэдэл нутаг болсон байна. Тус хошууг ”Мэргэн” цолтой засаг ноён толгойлж байсан учир ХVI, XVII зууны үед Мэргэн ноёны хошуу, Мэргэн засгийн хошуу ч гэж нэрлэн, сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэр үеийн Мэргэн ноёны хошуу нь газар нутгийн хувьд том байсныг зарим баримт өгүүлж байна. Халхын ханлигт Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан гэсэн гурван аймаг байгуулагдахад Түшээт хан аймаг нь Түшээт хан, Мэргэн ноён гэсэн хоёр том хошуутай байв. Үндсэндээ Ар Монгол Халхын хант улсын ханлигийг хуваан захирах болсноор Халхын долоон отог байгуулагджээ. Түүний нэг нь Говь мэргэн ноёны хошуу болно. XVII зууны үед уг хошууг Абахуйн угсааны жонон цолтой Гүрших ( Зарим судар түүхэнд Гүрсэд хэмээсэн нь бий) ноён захирч байжээ. Халхын ханлиг Манж Чин улсын захиргаанд харьяалагдах болсон үед хошууны засаг ноёны Жонон цол нь хасагдаж оронд нь Ван цол олгох болсноос хойш Мэргэн ноёны хошуу нь Манжийн засаг захиргааны хувиараар “Халхын умард замын зүүн гарын дундад хошуу“ гэх бөгөөд гадаад Монголын дотоод бичиг түүхнээ “Говь мэргэн вангийн хошуу” гэж нэрлэгдэх болжээ. Манжууд Ар Монголыг эзэлж авсны дараа нэн даруй 3 аймаг 86 хошуу болгосны дотор Мэргэн вангийн хошуу нь бас хэд хэд хуваагдан жижгэрч үндсэндээ одоогийн Дорноговь аймгийн нутгийг хамрах болсон байна. Гэсэн хэдий ч Мэргэн вангийн хошуу нь Манжийн ноёрхол (1691-1911), олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс (1911-1921), Ардын засгийн эхний үед 1924 оныг хүртэл 12-13 сумтай нилээд том хошууны тоонд орж байжээ.
- ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАН НЬ
Монголчууд 1911 онд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулахад “Мэргэн вангийн хошуу” нэрийг сэргээн тогтоосон байна. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа орон нутгийн засаг захиргааны нэрийг оршин байгаа газар нутгийн нь нэрээр нэрлэж байхаар тогтсон бөгөөд Мэргэн вангийн хошууг 4 хошуу болгон өөрчилж, өмнө талын хэсгийг “Хутаг уулын хошуу”, баруун хэсгийг “Хоёр өлзийт уулын хошуу”, дунд хэсгийг нь “Их дулаан уулын хошуу”, хойд талын хэсгийг “Оцол сансар уулын хошуу” хэмээн тус тус нэрийдсэн байна.
- ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН ХУВААРЬ
Тус аймаг эх орны зүүн өмнөд хязгаарын 109.4 мянган км2 нутгийг эзлэн оршдог юм. Баруун өмнөд талаараа Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баруун талаараа Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Баруун хойд талаараа Говь-Сүмбэр аймгийн Шивээговь, Баянтал сум, хойд талаараа Хэнтий аймгийн Дархан, Галшар, зүүн хойд талаараа Сүхбаатар аймгийн Төвшинширээ, Баяндэлгэр сумдтай, өмнө талаараа БНХАУ-ын ӨМӨЗО–той хиллэдэг . Аймгийн төв нь Сайншанд сум. Тус аймгийн Даланжаргалан, Айраг, Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдын нутгаар нийт 500 гаруй км хойд өмнөд хоёр хөршийг холбосон төмөр зам дайран өнгөрдөг бөгөөд энэ замын дагуу бүх сумдын 42.8 хувь, хүн амын 76.5 хувь нь оршин суудаг юм. Дорноговь аймаг эдүгээ 71014 хүн амтай, 14 сум, 65 багтай.
- БАЙГАЛЬ, ЦАГ АГААР
Аймгийн нийт нутаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай ба далайн төвшнөөс дээш дунджаар 940-1200 м өргөгдсөн байдаг. Газар нутгийн хамгийн нам дор цэг нь Улаанбадрах сумын Баянгийн говь далайн төвшнөөс дээш 753 м өргөгдсөн. Дорноговь аймагт ховор, ховордсон 11 зүйл, агнуурын болон жижиг 32 зүйл, нийт 43 зүйлийн хөхтөн амьтан, 11 зүйл мөлхөгч, махан идэшт 10 зүйл, түгээмэл тохиолдох 21 зүйл, нийт 40 зүйл шувууд тархан амьдардаг юм. Эдгээрээс талын чоно, үнэг, хярс, цагаан зээр, хар сүүлт, мануул, дорго хээрийн бүсийн сумдаар тарвага элбэг байдаг ба “Улаан ном”-д орсон дэлхийд ховордсон аргаль хонь, янгир ямаа, хулан адуу , шилүүс, эрээн хүрэн, суусар булга, атигдаахай зэргийн 11 зүйлийн ховор хөхтөн ан амьтад, төмөр гүрвэл, цоохор хонин гүрвэл, нохой гүрвэл, говийн гүрвэл, могой гүрвэл, монгол гүрвэл, загалт гүрвэл зэргийн 7 зүйлийн гүрвэл, нарийн могой, рашааны могой, суман могой, бамбай хоншоорт зэрэг 4 зүйлийн могой байдаг. Тус аймгийн газар нутаг дээр 46 овог 181 төрөлд хамаарах 327 зүйл ургамал ургадаг болохыг эрдэмтэн мэргэд тогтоогоод байна. Эдгээрийн дотор Монгол улсын “Улаан ном” –д орсон 15 зүйл ургамал ургадаг юм. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4.2-4.6 м\сек, зарим үед 35 м\сек хүртэл ширүүсэх тохиолдол ч бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган зудын аюул цөөн бус удаа тохиодог. Жилийн дундаж хур тундас 100.9-113.5 мм, жилийн 262-278 өдөр нь цэлмэг нартай байдаг гэж үздэг.
Хөрс ургамлын хувьд ихэнх нутгаар дагшир бор хөрстэй, голдуу шимт ба үрт ургамалтай, зарим газраар хайлаас, буйлс нутгийн баруун өмнөд хэсгээр заг ургадаг.Тус аймагт ховор ан амьтан, ашигт малтмал ихтэй байгалийн арвин их баялагтай. Ашигт малтмалын баялагт түшиглэн жонш, барилгын материал боловсруулах үйлдвэр, Улаанбаатар- Замын-Үүдийг холбосон 500 гаруй км урт төмөр зам дайран өнгөрдөг.
Дорноговь аймаг уур амьсгалын хувьд хуурайдуу сэрүүвтэр, хуурай дулаавтар, мужид багтана. Манай орны бусад нутгийн нэгэн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай. Агаарын температурын үнэмлэхүй их агууриг 33.60С, өвөлдөө хүйтэн боловч зундаа аагим халуун болно.
- Уур амьсгалын улирлын шинж.
Нарны цацрагийн жилийн явцаас хамааран сэрүүн бүсэд жилийн дөрвөн улирал ээлжилдэг. Тухайн орон нутгийн хотгор гүдгэр, газрын гадаргын шинж зэргээс хамааран улирлын шинж газар бүр харилцан адилгүй байдаг.
Дорноговь аймгийн уур амьсгал нь Монгол орны бусад нутгийн нэгэн адил эх газрын эрс тэс шинжтэй. Энд өвөл нь хүйтэн бөгөөд удаан үргэлжилнэ. Зун нь богино, халуун болдог. Хавар, намрын улиралд цаг агаар тогтворгүй эрс өөрчлөгдөж байдаг.
Өвөл. Дорноговь аймгийн нутагт дунджаар11 дүгээр сарын 2-оос 15-ны үед эхэлж, 3 –р сарын 7- 24-ны орчмоор дуусч нийтдээ 110-140 хоног үргэлжилнэ. Өвлийн улиралд цаг агаар гол төлөв цэлмэг тогтуун байдаг. Жилийн хамгийн хүйтэн 1-р сарын дундаж агаарын температур -15.8…-20.7 0С хүйтэн, үнэмлэхүй хамгийн бага температур Сайншанд, Замын -Үүд орчмоор -41.4…41.50С, Мандах, Хөвсгөл сумын нутгаар -34.5…-37.00С хүрч хүйтэрсэн байна. Өвөлд 9.8-14.7мм хур тунадас унана. Хавар. Дорноговь аймгийн нутагт 3-р сарын 7-24-ны орчмоор эхэлж 4-р сарын 29-өөс 5-р сарын 13 хүртэл 50 гаруй хоног үргэлжилдэг.Хоногийн дундаж агаарын температур түргэн нэмэгдэж 3 дугаар сарын 23-аас 4-р сарын 8-ны үед 00С–г давж дулаардаг.
Хаврын улиралд агаарын температурын хэлбэлзэл ихсэж, салхины хурдны их утга ажиглагдан, чийг багасч агаар хуурайшдаг. Мөн цаг агаар огцом өөрчлөгдөж тогтворгүй байдаг байна. Салхины дундаж хурд 4.4 -5.7м/с, хамгийн их хурд нь 42 м/с /Сайншанд/ хүрсэн байна.. Агаарын чийгшлийн бага утга ажиглагдаж 4-5-р сард 24-37% болтлоо буурдаг байна.
Зун. Тус аймгийн нутгаар зуны улирал 4-р сарын 29-өөс 5-р сарын 13-ны үеэр эхэлж 9-р сарын 15-аас 10-р сарын 3-ны орчмоор дуусч нийтдээ 120-157 хоног үргэлжилнэ. Жилийн хамгийн дулаан 7-р сарын дундаж агаарын температур нутгийн зүүн өмнөд болон төв хэсгээр 23.10С, баруун хэсгээр 21.30С, хойд хэсгээр 18.70С байна. Энэ улиралд жилийн хур тунадасны дийлэнх хэсэг нь 88-92% буюу 91-179.1мм нь ордог байна. Агаарын үнэмлэхүй хамгийн их температур Нутгийн төв , өмнөд, зүүн хэсгээр 41.5-41.60С, нутгийн баруун болон хойд хэсгээр 38.6-39.60С хүрч халсан байна.
Намар. Тус нутгаар намрын улирал 9-р сарын 15-аас 10-р сарын 3-ны үеэр эхэлж, 11-р сарын 2-оос 15-ны хооронд дуусах бөгөөд нийтдээ 40-50 орчим хоног үргэлжилдэг. Хоногийн дундаж агаарын температур 10-р сарын 19-өөс 11-р сарын 2-ны үед 00С-ыг дайрч хүйтэрдэг. Салхины хурд ихэсч 2.8-3.9м/с болно. Хур тунадас багасч намрын эхний сард 2.8-5.9мм хур тунадас унана.
Уур амьсгалын нөхцөл
- Нарны цацраг. Нарны илч агаар мандлын орчил урсгал, тухайн газар нутгийн хотгор, гүдгэр нь аливаа газар орны уур амьсгал бүрэлдэн тогтоход гол хүчин зүйл болдог. Түүнчлэн нарны гэрэл, дулааны эрчим хүч болон хувирахад газрын хөрсний өнгө, бүтэц, ургамлын өндөр нам, өтгөн сийрэг, цасан бүрхүүлийн байдал их нөлөөлдөг.
Тус аймгийн нутгаар жилдээ дунджаар 3338 цаг нар гийгүүлнэ. Нар гийгүүлэх хугацаа өвөлдөө бага 256 цаг, зундаа их 309 цаг байна. Жилийн дундаж нийлбэр цацраг тус аймгийн нутгаар 434.5Мдж/м2 байна. - Агаарын температур.
Дорноговь аймгийн зүүн хэсгээр жилийн дундаж агаарын температур 5.50С, нутгийн хойд хэсгээр харьцангуй хүйтэн 0.30С, бусад нутгаар 3.5-3.70С дулаан байна. Жилийн хамгийн дулаан 7-р сарын дундаж агаарын температур нутгийн хойд талаар 18.70С, зүүн хэсгээр 21.30С, төв болон өмнөд хэсгээр 23.1-24.00С дулаан байна. Үнэмлэхүй хамгийн их температур Сайншанд, Хөвсгөл, Замын -Үүд орчмоор 41.5-41.6 0С, Мандахад 39.60С, Чойрт 38.60С хүрч халсан бөгөөд энэхүү үнэмлэхүй их утгууд нь 1999 оны 7-р сарын 26,28, 2000 оны 7-р сарын 13-нд тус тус ажиглагдсан байна. Ер нь манай орны ихэнх нутгаар 1999-2000 оны зуны хэт халалтын үеэр үнэмлэхүй их температурын захын утгууд эвдэрсэн билээ. Тус нутгаар 36.3 …40.20С-ийн үнэмлэхүй хамгийн их температур 5 %-ийн хангамжтай буюу 20 жилд нэг удаа тохиолдоно.
Жилийн хамгийн хүйтэн 1-р сарын агаарын дундаж температур тус аймагт -15.30С (Хөвсгөл станц)….-20.70С (Чойр станц)-ын хооронд хэлбэлзэнэ. Үнэмлэхүй хамгийн бага температур нутгийн төв болон өмнөд хэсгээр -41.4…-41.50С, бусад хэсгээр -34.5…-37.00С хүрч хүйтэрсэн байна. Аймгийн хэмжээнд үнэмлэхүй хамгийн бага температур Замын-Үүд орчмоор 1957 оны 1-р сарын 12-нд ажиглагдаж -41.50С хүрч хүйтэрсэн байна. Сарын дундаж агаарын температурын дундаж квадрат хазайлт өвлийн саруудад 2.0-3.40С, зуны саруудад 1.3-1.50С тус тус байна. - Хоногийн дундаж агаарын температур тодорхой заагийг дайрч гарах хугацаа, дулаан үеийн үргэлжлэл, нийлбэр температур Тус аймгийн нутгаар 50С-ыг хавар нутгийн өмнөд хэсгээр 4 дүгээр сарын 7- 15-ны хооронд, нутгийн хойд хэсгээр 4 дүгээр сарын 24-ны үед дайран дулаарч намар нутгийн өмнөд хэсгээр 10-р сарын 11-аас 10-р сарын 18-ны хооронд ,хойд хэсгээр 10-р сарын 2-ны үеэр дайран хүйтэрч нийтдээ 160-185 хоног 50С-аас дулаан үе үргэлжилдэг байна.100С-ыг хавар 4-р сарын 24-өөс 5-р сарын 13-ны хооронд дайран дулаарч намар 9-р сарын15-27-ны хооронд дайран хүйтэрч нийтдээ 125-150 хоног 100С-аас дулаан үе үргэлжилнэ. Агаарын температур 00С дулаан үеийн нийлбэр температур нутгийн зүүн болон хойд хэсгээр 2448.7-2899.50С, бусад хэсгээр 3154.2-3158.90С, 50С-аас дулаан үеийн нийлбэр температур 2778.7-3329.70С, 100С-аас дулаан үеийн нийлбэр температур нутгийн хойд хэсгээр 2014.2 0С, бусад нутгаар 2801.4-3089.10С тус тус байна.
- Цочир хүйтрэлт.
Дорноговь аймгийн нутгаар агаарт анхны цочир хүйтрэлт нутгийн хойд хэсгээр дунджаар 9-р сарын 17-ны үед бусад нутгаар 9-р сарын 27-30-ны үед, сүүлчийн цочир хүйтрэлт хойд талын нутгаар 5-р сарын 23-ны үед, бусад нутгаар 5-р сарын 5-10-ны үеэр тоихолддог. Анхны цочир хүйтрэл хамгийн эрт нь 8-р сарын 30-аас 9-р сарын 18-ны үед,хамгийн хожуу нь 10-р сарын 7-30-ны хооронд тохиолддог.Сүүлчийн цочир хүйтрэл хамгийн эрт нь 5-р сарын эхний 10 хоногт, хамгийн хожуу нь 5-р сарын сүүлч 6-р сарын сүүлчээр тохиолддог. Хүйтрэлгүй үе дунджаар117-147 хоног үргэлжилнэ.
Хөрсний температур. Дорноговь аймгийн нутгаар жилийн дундаж хөрсний гадаргын температур нутгийн хойд талаар 2.40С, Хөвсгөл станц орчмоор хамгийн дулаан 7.50С бусад нутгаар 5.0…6.00С дулаан байна. Жилйин хамгийн хүйтэн 1-р сарын хөрсний гадаргын дундаж температур нутгийн хойд хэсгээр -21.30С, нутгийн зүүн хэсгээр -15.2 0С, бусад нутгаар -17.7…-18.90С хүйтэн байна. Жилийн хамгийн дулаан 7-р сарын хөрсний гадаргын дундаж температур Чойр орчмоор 23.30С, Мандах орчмоор 25.60С, бусад газраар 27.1…28.00С дулаан байна. Хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн их температур 65-700С хүрч халдаг байна. Хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн бага температур Хөвсгөл орчмоор -330С, Сайншанд орчмоор -380С, бусад нутгаар -420С, хамгийн их хүйтэн нь Мандах орчмоор ажиглагдаж -520С хүрч хүйтэрсэн байна.
Жилийн дундаж хөрсний гүний температур Сайншанд орчмоор 20 см-т 6.4 0С, 240, 320см-т 6.70С, Замын-Үүд орчмоор 20 см-т 6.50С, 160 см-т 7.4 0С дулаан байна. - Агаарын чийгшил.
Дорноговь аймгийн нутгаар жилийн дундаж харьцангуй чийгшил нутгийн хойд хэсгээр 65%, бусад нутгаар 53-59 % байна.
Харьцангуй чийгшлийн их утга нь өвөл, зуны улиралд ажиглагдаж 1-р сард 72-84%, 7-8-р саруудад 55-65% байна. Хавар, намрын улиралд бага утга ажиглагдаж 37-49% байна. - Усны уурын даралт.
Тус аймгийн нутгаар жилийн дундаж усны уурын даралт 5.4-5.9 гПа байна. Өвлийн саруудад усны уурын даралтын бага утга нь ажиглагдаж 1.1-1.5 гПа, зуны саруудад их утга нь ажиглагдаж 13.2-14.4 гПа байна.
Дутагдал чийгшил. Тус аймгийн нутгаар жилийн дундаж дутагдал чийг нутгийн хойд хэсгээр 4.7 гПа , өмнөд болон зүүн хэсгээр 5.8-6.6 гПа , бусад газраар 7.1-7.7 гПа байна. Өвлийн улиралд дутагдал чийгийн бага утга нь ажиглагдаж 0.3-0.7гПа, дулааны улиралд их утга нь ажиглагдаж 9.8-17.0гПа байна.
30%-иас бага ба тэнцүү чийгтэй өдрийн тоо аймгийн нийт нутгаар жилдээ 80-135 байна. Хуурай өдрийн тоо хавар, намрын улиралд хамгийн их сардаа 15.4-23.8 өдөр ажиглагддаг байна.
14 цагт 80%-иас их чийгтэй байсан өдрийн тоо аймгийн нутгаар жилдээ 17-47 байна. Өвлийн улиралд чийглэг өдрийн тоо хамгийн олон сардаа 4.5-12.6 өдөр, хавар, намрын саруудад хамгийн цөөн сардаа 0.3-1.0 өдөр ажиглагддаг байна. - Хур тунадас.
Дорноговь аймгийн нутгийн хойд талаар жилдээ 193.8мм, зүүн өмнөд хэсгээр 128.7мм, бусад нутгаар 100.9-113.5мм хур тунадас унана. Манай орны бусад нутгийн нэгэн адил унаж буй хур тунадасны ихэнх хувь нь дулааны улиралд орж, 91.1-179.1мм буюу 88-92%-ийг эзэлдэг. Хүйтний улиралд маш бага жилийн хур тунадасны 10орчим хувь буюу 9.8-14.7мм нь ордог байна.
Сарын нийлбэр хур тунадасны вариацын коэффициент нь 0.8-3.1 байна.
Тус аймгийн нутагт хоногт хамгийн ихээр нутгийн зүүн өмнөд хэсгээр 38.1-42.5мм, хойд хэсгээр 61.2мм Замын-Үүд орчмоор 88.7мм, Сайншандад 121.0мм хур тунадас орсон байна. Аймгийн хэмжээнд Сайншандад хоногийн хамгийн их хур тунадас 1976 оны 7-р сард 121.0мм орсон байна.
Хоногт орсон хамгийн их хур тунадасны хангамжийн үзүүлэлтийг авч үзвэл Сайншандад 121 мм хур тунадас 1%-ийн хангамжтай буюу 100 жилд 1 удаа, 80.5 мм хур тунадас 2%-ийн хангамжтай буюу 50 жилд нэг удаа, Замын-Үүдэд 88.7 мм хур тунадас 1%-ийн хангамжтай буюу 100 жилд нэг удаа,Чойрт 61.2мм хур тунадас 1%-ийн хангамжтай буюу 100 жилд нэг удаа тус тус тохиолдоно.
Өөр өөр хэмжээтэй хур тунадастай өдрийн тоо. Аймгийн нутагт 0.1мм буюу түүнээс их хур тунадас жилдээ 29-36 өдөр орсон байна. 5 мм-ээс их буюу тэнцүү хур тунадас жилдээ 27-34 өдөр, 20 мм буюу түүнээс их хур тунадас 8-12 өдөр тус тус орсон байна. 10-20 мм буюу түүнээс их хур тунадас ерөнхийдөө цөөн унадаг нь харагдаж байна. - Агаарын даралт.
Дорноговь аймаг ерөнхийдөө тэгш талархаг нутагтай учир станцын түвшин дэх агаарын даралтын зөрөө багатай. Аймгийн нутагт жилийн дундаж агаарын даралт 865.7-905.0 гПа-ын хооронд хэлбэлзэнэ. Агаарын даралтын их утга нь 1-р сард 868.2-913.7гПа, 7-р сард бага утга нь ажиглагдаж 860.5-896.8 гПа байна. Агаарын даралтын их утга нь Чойрт 879.3 гПа, Сайншандад 922.4гПа, Мандахад 881.7гПа, Замын-Үүдэд 916.1гПа тус тус ажиглагдсан байна. - Салхи.
Дорноговь аймгийн хэмжээнд салхины жилийн дундаж хурд нутгийн зүүн өмнөд хэсэгт харьцангуй бага 2.9м/с, бусад хэсгээр 3.1-4.3м/с байна. Жилийн явцыг авч үзвэл салхины хурдны их утга нь хавар, намрын улиралд ажиглагдаж 4.0-5.7м/с, бага утга нь өвлийн саруудад ажиглагдаж 2.3-4.1м/с байна. Ер нь аймгийн нийт нутгаар манай орны бусад нутгаас жилийн туршид салхи ихтэй өвөлдөө ч төдийлэн салхины хурд буурдаггүй онцлогтой. Салхины хамгийн их хурд Хөвсгөлд 28м/с, Замын-Үүдэд 30м/с бусад нутгаар 40-42 м/с хүрсэн байна. 15м/с-ээс их буюу тэнцүү салхитай өдөр Сайншандад хамгийн олон жилдээ 35, бусад нутгаар 9.4-10.7 удаа тохиолддог байна.
Тус аймгийн нутгаар манай орны бусад нутгийн нэгэн адил баруун болон баруун хойд чиглэлийн салхи зонхилдог. Баруун чиглэлийн салхины давтагдал нийт нутгаар 12.1-47.7%, салхины дундаж хурд нь 5.2-6.9м/с, хойд чиглэлийн давтагдал 11.3-40.6%, салхины дундаж хурд 4.4-6.3м/ с тус тус байна. Замын-Үүдэд зүүнээс 11.7%-ийн давтагдалтай салхины гурав дахь зонхилох чиглэл ажиглагддаг нь орон нутгийн онцлогийг тод харуулж байна.
- Нарны цацраг. Нарны илч агаар мандлын орчил урсгал, тухайн газар нутгийн хотгор, гүдгэр нь аливаа газар орны уур амьсгал бүрэлдэн тогтоход гол хүчин зүйл болдог. Түүнчлэн нарны гэрэл, дулааны эрчим хүч болон хувирахад газрын хөрсний өнгө, бүтэц, ургамлын өндөр нам, өтгөн сийрэг, цасан бүрхүүлийн байдал их нөлөөлдөг.
Цаг агаарын үзэгдэл.
- Бороотой өдрийн тоо.
Дорноговь аймгийн нутагт жилдээ 28.6-43.8 өдөр бороо ордог. 7-8-р саруудад бороо хамгийн олон 7.3-12.6 өдөр ордог байна. Бороотой өдрийн тоо Сайншанд, Чойр орчмоор хамгийн олон жилдээ 42.3-43.8 байдаг. Хөвсгөл, Мандах орчмоор арай цөөн 28.6-30.6, Замын-Үүд орчмоор 34.6 өдөр бороотой байдаг байна.
Мөндөр, дуу цахилгаантай өдрийн тоо. Дорноговь аймгийн нутагт жилдээ 0.1-1.0 өдөр мөндөр ордог байна. Сайншанд, Чойр орчмоор бусад нутгаасаа арай олон удаа мөндөр ордог байна. Замын-Үүд, Хөвсгөл орчмооор мөндөр маш цөөн ажиглагддаг байна. Дуу цахилгаан аймгийн хэмжээнд жилдээ 4.1-45.3 өдөр ажиглагддаг байна. Сайншанд орчмоор хамгийн олон удаа жилдээ 15.3 өдөр ажиглагдсан байна. Мандах орчмоор хамгийн цөөн 4.1 өдөр дуу цахилгаантай байсан байна. - Цастай өдрийн тоо.
Тус аймагт жилдээ 14.2-23.2 өдөр цас ордог байна.11-2-р сарын хооронд сардаа дунджаар 1.9-3.4 өдөр цас ордог. Чойр орчмоор хамгийн олон 23.2 өдөр, Сайншанд, Мандах орчмоор 18.2-19.9, Хөвсгөл, Замын-Үүд орчмоор арай цөөн 14.2-14.9 өдөр цас ордог байна. - Цасан шуургатай өдрийн тоо.
Дорноговь аймагт жилдээ 4.7-11.8 өдөр цасан шуурга шуурдаг. Замын -Үүд орчмоор цасан шуурга хамгийн цөөн жилдээ 4.7 өдөр шуурдаг байна. Сайншанд, Мандах орчмоор хамгийн олон 10.7-11.8 өдөр цасан шуурга ажиглагддаг байна. - Шороон шуургатай өдрийн тоо.
Дорноговь аймгийн нутгаар жилдээ дундажаар 16.4-68.2 өдөр шороон шуурга шуурдаг байна. Замын-Үүд орчмоор хамгийн олон удаа жилдээ 68.2 өдөр шороон шуурга ажиглагддаг байна. Сайншанд орчмоор 29.1, Хөвсгөл орчмоор 34.1, Чойр орчмоор 35.6, харин Мандах орчмоор арай цөөн 16.4 өдөр шороон шуургатай байдаг байна. Жилийн дотор авч үзвэл шороон шуурга 3-6-р сард их шуурдаг байна.
- Бороотой өдрийн тоо.